Архинд бус хүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Архины тухай хууль хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл болж байна хэмээн Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооноос мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ. “Зөвхөн аж ахуйн нэгжүүд дээр биш архины үйлдвэрүүд рүү хуулиа чиглүүлээсэй гэж хүсч байна. Аливаа хуулийг батлахдаа амьдралын гүнд орж судалгаа баримтад түшиглэн, эрдэмтэн судлаачдын саналыг сонсох хэрэгтэй” хэмээн тус холбооны гишүүн Б.Ганчимэг дурьдсан юм.
Хурал зохион байгуулагчид “Архины тусгай зөвшөөрлийг дагаад авилгал хээл хахууль цэцэглэнэ. Архины далд бизнес газар авна. Өмнө батлагдсан тамхины тухай хууль бол хэтэрхий хавтгайрсан хууль. Одоо тамхины үнэ улам өссөн, түүнтэй адил архийг тусгай дэлгүүрээр зарвал архины үнэ асар их өснө. Архины үнийг нь нэмсэнээр үнэ цэнийг нь нэмж байна гэсэн үг. Архидалттай тэмцэхийн тулд архинд бус хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ийм хууль баталж байхын оронд ядаж эмнэлэг нэмж барих юм уу, архинд донтсон хүмүүст хандсан нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэж байлаа.
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ