II Богдын мэлмий гийсний 290 жилийн ойг тэмдэглэнэ
Өндөр гэгээн Занабазараас хойш тодорсон II Богд Лувсандамбийдонмигийн мэлмий гийсний 290 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Ш.Сонинбаяр болон Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Мэндсайхан нар мэдээлэл хийв.
Хурлын үеэр Ш.Сонинбаяр “II Богд нь монголын нийгмийн байдалд Манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж, Манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарч, дарагдсан үед амьдарч байсан. Түүний ах Ренчиндорж ван Чингүнжав, Амарсанаа нарын Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсоны учир Бээжинд цаазаар авахуулж байсан. II Богд бол сүм хийд номын үйлийг ихээхэн хөгжүүлсэн Монголын шашны том зүтгэлтэн байсан” хэмээн онцолсон юм.
Төв аймгийн ЗДТГ, ШУ-ын түүхийн хүрээлэн болон Гандантэгчинлэн хийд хамтран энэхүү түүхэн тэмдэглэлт ойг зохион байгуулах аж. Ойн хүрээнд ирэх зургадугаар сард “II Богдын намтар, шашин төрд үзүүлсэн нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж. Мөн аймгийн баяр наадамтай давхцуулан энэхүү ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ