Хүний наймааны эсрэг ТББ-ууд нэгдэв
Хүний аюулгүй байдлын судалгааны төв Каритас Чех байгууллагатай хамтран энэ оны эхээр “Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-г байгуулжээ. Тус сүлжээний үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр болж, “ХАБСТ”, “Каритас Чех”, “Лантуун дохио” төрийн бус байгууллага болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл оролцсон юм.
Энэхүү сүлжээнд 17 байгууллага нэгдсэн байна. Эдгээр байгууллагууд бодлого хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг, нөлөө үзүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хохирогчийг хамгаалж шууд туслалцаа үзүүлэх гэсэн гурван зорилттойгоор үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Европын холбооноос ойрын 2 жилийн үйл ажиллагаанд нь 158 мянган еврогийн санхүүжилтыг төсөвлөсөн ажээ.
“Ижил зорилготой байгууллагууд нэгдэн сүлжээ байгуулж ажиллах нь чухал ач холбогдолтой юм. Энэ нь хүний наймааны асуудалд олон нийт болон төрийн байгууллагын анхаарлыг хандуулахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэж “Каритас Чех” байгууллагын Монгол дахь захирал Тибо Чапау хурлын үеэр онцолсон юм.
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ