Ядуурал, агаарын бохирдол зэргээс шалтгаалж сүрьеэ өвчлөл буурахгүй байна
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг өнөөдөр “Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа билээ. Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд салбарын яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга О.Батбаяр, ДЭМБ-ийн Нийгмийн хэрэгжилтийн асуудал хариуцсан төлөөлөгч Сэлик Говинд болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцов. Хурлын үеэр дэд сайд Ж.Амарсанаа “Дэлхийн хэмжээнд сүрьеэ өвчний илрэл харьцангуй багассан хэдий ч манай улсын хувьд өмнөх жилүүдийг бодвол 160 тохиолдлоор илүү бүртгэгдсэн. Мөн нийт сүрьеэгээр өвчлөгсдийн 58 хувь нь Улаанбаатар хотын оршин суугч. Тиймээс өвчлөлийг илрүүлэх, оношлох, эмчлэх нь хамгийн чухал асуудал болоод байна” гэдгийг хурлын үеэр онцолсон юм.
1
Хэвлэлийн бага хурлын дараа ХӨСҮТ-ийн сүрьеэгийн албаны дарга О.Батбаяраас тодруулга авлаа.
1
-Сүрьеэ өвчний илрэл нэмэгдсэн гэлээ. Яагаад нэмэгдэх болов?
-Энэ жил 4118 сүрьеэгийн өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Номхон далайн баруун бүсийн хувьд бол энэ тоо нь нэлээн өндөрт тооцогдож байна. Бид тархацын судалгааг эхлүүлсэн. Урьдчилсан судалгааны байдлаар харвал өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин нэмэгдсэн тоо гарсан байна. Энэ жилийн хувьд “Глобаль сан”-ийн дэмжлэгтэйгээр орчин үеийн молекул генетикийн буюу маш богино хугацаанд сүрьеэ өвчинг илрүүлдэг тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод суурилуулж эхэлсэн. Мөн Дархан, Дорнод аймагт суурилуулж байна. Ер нь хэд хэдэн аймагт эмзэг бүлгийн дундах сүрьеэгийн илрүүлэлт хийсэн. Энэхүү ажлын үр дүнд эрсдэлт бүлэгт сүрьеэгийн өвчлөл өндөр байна гэсэн дүн гарлаа. Энэ хүмүүсийг эмчилгээнд хамруулах, нийгмийн халамжийн дэмжлэг үзүүлэх, тусгаарлан эмчилгээ хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Иймээс бид “Сүрьеэгээр өвдсөн тохиолдол бүрийг илрүүлье, эмчилгээнд хамруулъя, эдгэрүүлье” гэсэн уриан дор сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
1
-Манай оронд яагаад энэ өвчлөл буурахгүй байна вэ?
-Манай орны хувьд ядуурал, агаарын бохирдол их, сүрьеэгийн өвчлөл ихтэй Хятад, Солонгос зэрэг улсаас ажиллах хүчин их авдагаас гадна монголчууд маань өөрсдөө гадаад дотоодоос өвчин авч ирдэгтэй холбоотой. Дээрх нийгмийн хүчин зүйлүүдтэй холбоотойгоор агаар дуслын замаар дамждаг сүрьеэ өвчний илрэл нь өвөл болон хаврын улиралд ихэсдэг. Мөн бусад улс орныг бодвол манайд хөдөлмөрийн насны залуус тусах магадлал маш өндөр байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор манай улсад “Глобаль сан”-ийн дэмжлэгтэй төсөл 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус сан 2003 оноос эхлэн манай улсад 19 сая ам.долларыг сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Үр дүнд нь манай улс сүрьеэгийн 38 лаборатори сүлжээтэй болсон. Мөн молекул генетикийн сүлжээний хэд хэдэн аргуудыг нэвтрүүлсэн, өвчлөл ихтэй 6 дүүрэг 8 аймагт сүрьеэгийн тасаг байгуулж агааржуулалтыг хийж өгсөн. Эмч сувилагч нараа сургалтад хамруулсан гэх зэрэг олон ажил хийсэн байгаа. Үндсэндээ бол тус сангийн дэмжлэгтэйгээр бид сүрьеэгийн салбарт ихээхэн амжилтыг олж байгаа гэж хэлж болно.
1
-Тодорхой арга хэмжээ авч байгаа ч өвчлөл буурахгүй байгаа нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ?
-Энэ өвчин нь өөрөө нийгмийн халдварт өвчин юм. Нийгмийн цаадах өвчнийг үүсгэж байгаа ядуурал, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол зэрэг нөхцөл байдал байгаад байгаа учраас өвчлөл буурахгүй байна. Одоогийн байдлаар бид 90 сум хороонд очиж 50 мянган хүнийг хамруулсан тархалтын судалгааг хийхээр төлөвлөж байна. Энэхүү судалгааны үр дүнд бактерлогийн хувьд эерэг сүрьеэгээр өвчилсөн хүн хэд байна вэ гэдгийг гаргах юм. Ингэж нарийн тоо баримт гаргасны үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ зөв тодорхойлох боломжтой болж байгаа юм.
1
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ