”Сансар дахь бидний Мөрөөдөл” төслийг танилцууллаа

img

БШУ-ны сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийн танилцуулах уулзалт өнөөдөр “Кемпински” зочид буудалд боллоо. Уулзалтад БШУЯамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Бадамжав, төслийг санаачлагч Нийслэлийн Лабортори Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирал Ц. Гүррагчаа, “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц. Нандинбаатар, Японы сансрын Орбитал Инженеринг компанийн Захирал Ямагүчи зэрэг хүмүүс оролцсон.

6

 “Сансар дахь бидний мөрөөдөл” төсөл нь хиймэл дагуулын хэрэглээг сэтгэн бодож санаа гаргахаас эхлүүлээд, хийж бүтээх гэсэн цогц үйлдлээр хүүхэд залуусыг хиймэл дагуул, сансрын салбартай ойртуулж, олон улсад өрсөлдөх чадвартай мөрөөдөл бүхий бие хүн болгох зорилготой аж.

 6

Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад сансрын салбар, танин мэдэхүй, оюун ухаанлаг байдлыг түгээн, дэлхийд танигдах нэгэн боломж бий болохоос гадна өндөр хөгжилтэй аль ч улсын хүүхэд залуустай өрсөлдөх чадвартай гэсэн өөрсдийн бахархалтай болно гэдгийг төслийг санаачлагчид онцолсон юм.

 Мөн төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 18.30 цагаас Кемпински зочид буудалд болж, энэ үеэр хиймэл дагуулынхаа моделийг танилцуулах юм байна.

 6

ЕБС-ийн сурагч, оюутан залуусыг хиймэл дагуултай нөхөрлүүлэх боломжийг олгох уг уралдаант тэмцээний бүртгэл энэ сарын 31-нийг хүртэл цахим хэлбэрээр явагдана. Улмаар гурван үе шатны сонгон шалгаруулалт хийсний эцэст долоодугаар сарын 11-нд албан ёсоор 15 оролцогч буюу гурван багийг шалгаруулах аж. Шалгарсан багуудын хиймэл дагуулыг ирэх арванхоёрдугаар сард нийтэд танилцуулах юм байна. Дашрамд дуулгахад эдгээр хиймэл дагуул нь 10см3 хэмжээтэй 1,33 кг жинтэй байхаар төлөвлөгдсөн байна.

5

Төслийн талаарх зарим зүйлийг “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц. Нандинбаатараас тодрууллаа.

5

-Боловсролын салбарт бас нэгэн шинэчлэл хийж байгаа энэхүү төслийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Сансрын хиймэл дагуул зохион бүтээх талаар манай залуус хэдэн жилийн өмнөөс ярьсан. Тиймээс энэхүү төслийг нийт ЕБС-ийн сурагч болон их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулахаар санаачилсан юм. Онцлог, давуу тал нь гэвэл монголын нийт хүүхэд, залуучуудын авьяасыг хөгжүүлэх том төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Нөгөө талаараа шинжлэх ухааны ажил мэргэжилд авьяастай залуусыг хөгжүүлж, сурагчдыг шинжлэх ухааны хичээлд дур сонирхолтой болгох чухал ач холбогдолтой гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүүхэд залуусыг шинжлэх ухаанч үзэл бодолд төлөвшүүлэхэд сансар судлал хийгээд хиймэл дагуул зохион бүтээх энэхүү ажил ихээхэн үр нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

5

-Өнөөдөр шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнууд харьцангуй их байгаа хэдий ч сансар судлалыг сонирхон судалж байгаа залуучууд ховор байгаа нь юутай холбоотой юм бол?

Шинжлэх ухааны нарийн мэргэжил цөмийн физик, сансар судлал зэрэг чиглэлээр дагнан судалж байгаа оюутнуудын тоо цөөн байгаа нь мэдээлэл муу байгаатай холбоотой. Хоёрдугаарт, чиглүүлж өгөхгүй байгаатай холбон тайлбарлаж болно.

6

-Одоогийн байдлаар хичнээн хүн бүртгэлд хамрагдсан бэ?

-Бүртгэлийг нээлттэй зарласан. Бүртгэл цахим хэлбэрээр явагдаж байгаа. Одоогийн байдлаар 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна.

5

-Сонгон шалгаруулалтад хамрагдахад ямар шалгуур тавьж байгаа вэ?

- Мэдээж хамгийн түрүүнд монгол хүн байх ёстой. Мөн Монгол Улсын харьяа ЕБС-ийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан байх ёстой гэсэн шалгуураар бүртгэж байна. Харин гурван үе шаттайгаар байх сонгон шалгаруулалтын явцад багаар ажиллах чадвартай эсэх, хувь хүнийх нь идэвхийг, хамгийн гол нь чөлөөт сэтгэлгээг онцлон харах болно.

5

-Төслийн төсвөө хаанаас бүрдүүлж байгаа вэ?

-Санхүүгийн хувьд хүүхдүүдээс нэг ч төгрөг гаргахгүй гэж шийдсэн. Нэг хиймэл дагуулыг бид 100,000 ам.доллараар хийхээр төсөвлөж байгаа. Тэгэхээр бидэнд ам.300,000 доллар хэрэгтэй болж байгаа юм. БШУЯам болон ШУТИС-аас дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Мэдээж үлдсэн өртгөө бүрдүүлэхийн тулд бид сошиал медиагаар дамжуулан хандивын аян зохион байгуулж байгаа. Мөн бид нартай хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн, байгууллагуудыг бид дуртайяа хүлээж авах болно.

5

-Хиймэл дагуулынхаа тоног төхөөрөмжийг хаанаас нийлүүлэх вэ?

-Тоног төхөөрөмжөө аль болох Монголдоо хийх гэж үзнэ. Эндээ үйлдвэрлэх боломжгүй төхөөрөмжөө Швед, Герман гээд аль боломжтой улсаас авна.

Б. Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ