Н.Алтанхуяг: Засгийн газраас хамаараад саатсан зүйл байхгүй
Засгийн газрын “Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт” өнөөдөр боллоо. Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчидийн асуултад Засгийн газрын гишүүд хэрхэн хариулсныг хүргэе.
.
“Урбаник”-ийн Б.Лхагважав:
-Санхүүгийн өршөөлийн хууль ямар шатанд явж байна вэ? Татварыг инфляцитай уялдуулах хэрэгтэй байна.
.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Татвар дээр өршөөж гийлэх гэсэн зүйлгүй. Эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль боловсруулах гэж байна. Монголд байх ёстой өмч хөрөнгөө ил гаргах хэрэгтэй.
.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарахаар ажиллаж байна. Шилжилтийн хоёр дахь шатны бодлогыг хэрэгжүүлэхдээ татварт уян хатан бодлого баримтална.
.
“Барс групп”-ын захирал Ч.Амарбаатар:
-Иргэний хуульд төлбөр гүйцэтгэхээс өмнө мөнгөний ханш өссөн буюу буурсан бол төлбөр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэсэн заалт байдаг юм билээ. Энэ бол валютын ханштай холбоотой асуулт юм. Үүнийг Монгол банкны Ерөнхийлөгч хэрхэн тайлбарлах бол? Шүүх бол үүнийг өөрөөр тайлбарладаг юм билээ.
.
Монгол банкны Ерөнхийлөгч Х.Золжаргал:
-Товчхон хэлэх юм бол ямар ч боломж байхгүй. Ам.доллараар зээл авсан бол ам.доллараараа л төлнө. Ханшийн хэлбэлзлийг хэн нэгэн хаадаг механизм байхгүй. Монгол Улсад бизнес эрхэлж байгаа хүн болгон эрсдлээ өөрөө дааж, банкны өмнө хариуцсан үүргээ биелүүлдэг. Доллараар зээл авсан бол доллараар нь, төгрөгөөр авсан бол төгрөгөөр нь төлнө. Аль нэг улсын валютын ханш өөрчлөгдөхөд уг эрсдлийг төр нь, банк нь даана гэсэн асуудал байхгүй. Монголд ханш анх удаа хөдөлж байгаа юм биш. Гурван төгрөгөөс авахуулаад 25 жилийн дотор 1770 хүртлээ өслөө. Энэ хоорондох бүх эрсдлийг хувийн сектор үүрч ирсэн. Харин хувийн сектор дээр санхүүгийн үүсмэл эрсдлээс сэргийлэх боломжийг хангаж өгөх ажил дээр УИХ-аас бидэнд чиг үүрэг өгсөн. Монголын гадаад худалдаа ДНБ-ээсээ том дүнтэй явдаг. Монголын эдийн засаг өөрөө гадаадаас хамааралтай. Арилжааны банкнаас төгрөгийн орлоготой этгээд ам.долларын зээл авч байгаа бол заавал ханшийн эрсдлийг шингээсэн эрсдлийг хэрэглэж бай гэдэг журам зааврын дагуу зохицуулагдаж байна. Манай аж ахуйн нэгжүүд үүнийг хэрэглэж заншаагүй. Манай аж ахуйн нэгжүүд төгрөгийн ч, ам.долларын ч давхар зээлтэй байдаг. Дан ам.долларын зээлтэй аж ахуйн нэгж маш цөөн. Өнгөрсөн жил 20-иод хувийн ханшийн хөдөлгөөн гарсан. Монгол Улсын худалдаа тэнцвэртэй болоод эхэллээ. Ханшийн хөдөлгөөнийг банкууд дээрээ хааж явах хэрэгтэй. Шатахуун импортлогчид гэхэд тодорхой ханшин дээр явж байгаа. Бусад аж ахуйн нэгж зах зээлийн ханшаараа яваа.
.
“Ган хийц” компанийн Ерөнхий захирал н.Даваасүрэн:
-Монгол Улсын Засгийн газар экспорт, импортыг орлох төсөл авсан. Гуравдугаар сарын 15-нд зарлана гэсэн. Энэ төсөл ямар явцтай байгаа бол?
.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Энэ тухай албан ёсоор мэдээлсэн. Нэгдүгээр сарын 17-нд багтаад саналаа өгсөн аж ахуйн нэгжүүдийнх багтана. Санхүүжүүлэх зээлийн нөхцөлийг зарласан. Зээлийн хугацаа таван жил, эхний нэг жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хүүгийн хэмжээ есөн хувиас хэтрэхгүй. Төгрөгийн зээл арилжааны банкуудаар олгогдоно. 888 төсөл дээр 4,5 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ. Ижил төстэй төсөл байгаа. Тиймээс салбарын яамд бодлогоо гаргаад төслийг шалгаруулах болно. Бүх мэдээлэл Хөгжлийн банкны сайт дээр байгаа.
.
“Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл:
-Газрын тосны хууль хэзээ батлагдах вэ? Газрын тосны хайгуулын ажиллагаа бүхэлдээ зогслоо. Хэдэн жилийн өмнө хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод гадаадын татвар төлөгчдийн мөнгөнөөр бараг 50 сая ам.доллар зарсан. Үргэлжлүүлээд хийе гэхээр газрын тосон дээр хөрөнгө босохгүй байна. Яагаад гэвэл танай хууль хаана байна гэдэг. Импортоос хамааралтай газрын тосоо үйлдвэрлэнэ гэдэг мөртлөө хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох хэрэгтэй. “Оюутолгой”-н талаар янз бүрийн яриа гарч байна. Тодорхой мэдээлэл өгнө үү?
.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Газрын тосны хуулийг намрын чуулганаар оруулж хэлэлцсэн. Хаврын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэн батлах хуулийн тоонд Газрын тосны хууль багтсан. Газрын тосны салбарыг дэмжээд хуульчилсан. Түүхий нефтиэс нефть бүтээгдэхүүн, нүүрснээс, занараас шингэн түлш гаргах тохиолдолд уг үйлдвэрийг барихтай холбогдсон тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх таван жилийн хугацаатай хууль гаргасан. Газрын тосны хэрэгцээ ямар шатанд байгаа нь эндээс харагдана.
.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Оюутолгойн асуудал өмнөх байдлаасаа ахиц дэвшилтэй байна. Өмнө нь 30 гаруй асуудал “Рио тинто”, Монгол Улсын хооронд байсан. Эндээс үе шаттайгаар шийдсээр байгаад 5-6 асуудал үүссэн. Цаашдаа нэмэлт санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх асуудал ярьж байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нэмэлт санхүүжилт хийхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. Дэлхийн эдийн засгийн байдал, ерөнхий чиг хандлага, түүхий эдийн үнийн бууралт, “Рио тинто”-гийн хувьцаа эзэмшигчдийн асуудал зэрэг Монголын Засгийн газраас үл хамаарсан гадаад хүчин зүйлтэй холбоотойгоор ажил удаашраад байх шиг байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд өмнө нь УИХ дээр байгуулсан гэрээнийхээ хүрээнд ажлаа үргэлжлүүлье гэсэн байр суурийг байнга илэрхийлж байгаа. ТЭЗҮ нь Оюутолгойн хувьд эцэслэж гараагүй байдаг. Манай Засгийн газраас хамаараад саатаад байгаа зүйлгүй.
.
“Дөрвөн нуур” компанийн захирал н.Энхтөр
-Өнгөрсөн жил ноосон даавуу төслийн хүрээнд 45 сая ам.долларын зээл олгохоор Засгийн газар шийдсэн. Бүтэн жил болж одоогийн байдлаар 11 тэрбум төгрөгийн зээлийг л авсан. Бусад компани авч чадаагүй. Ганцхан Голомт банкаар олгоно гэсэн. Дээр нь зөвхөн тоног төхөөрөмж авна гэж заасан болохоор эдийн засгийн эргэлтэд оруулж, зээлээ төлөхөд асуудал үүсч байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү?
.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-“Чингис” бондын хүрээнд ноос ноолуур бусад хүлэмж зэрэгт нийтдээ 270 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж өгсөн. Энэ мөнгө Голомт банк, Хөгжлийн банк, хоёр яамны гэрээний дагуу өнгөрсөн оны наймдугаар сард Голомт банкин шилжилж очсон. Ингэхдээ хариуцсан чиглэлийн яам нь нэг банкаар дамжуулъя гэсэн. Харамсалтай нь өнөөдөр үүний хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Энэ асуудлаар удаа дараа Голомт банкинд асуудал тавьж байгаа. Одоо өөр банкаар шилжүүлэхээр яригдаж байгаа. Таван жилийн хугацаатай, жилийн долоо орчим хувийн хүүтэй зээл. Үүн дээр бид анхаарах ёстой байгаа.
:
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ