Хүн бүр “Байгалийн хөрөнгө оруулагч” болцгооё
Бүгдээрээ хөрөнгө оруулагч болцгооё. Өнөөдөр манай улсын хөнгөн, хүнд аж үйлдвэрүүд, цаашлаад Засгийн газар хөрөнгө оруулагч татахаар хайж, урьж байна. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар хууль, эрх зүйн орчноо ч боловсронгуй болголоо. Өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялаг биднийг олон улсын анхаарлын төвд аваачиж байна. Уул уурхайн үйлдвэрлэл, олборлолт байгальд сөрөг нөлөөлтэй ч бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд үүцээ нээж, баялгаа олборлох замыг сонгож байна. Гэхдээ байгалиа яаж хамгаалах вэ. Уул уурхай байтугай энгийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн үнэд хүрч, цаашдаа хомсдол үүсэх хэмжээнд хүрээд байгаа тулгамдсан асуудал бол ус. Усаа хайрлая, гамная гэж хичнээн хэлж яриад ч хэрэгжүүлэхгүй бол байгалийн шийтгэлийг амсана. Тиймээс өдөр бүр байгальдаа хөрөнгө оруулцгаая.
6
Хүний бие нь өөрт байгаа шингэнээр дамжуулан эд эсүүдэд тэжээлийн бодисыг түгээх, бие эрхтэнүүдийг чийглэх, хорт бодисыг гадагшлуулдаг. Мөн биеийн бүхий л хэсгийн энэ шингэний зохицуулалт, дулааны солилцоонд арьс, үс зэрэг эрхтэн нь чухал үүрэгтэй байдаг байна. Үүний нэгэн адил үүргийг байгаль дээр ус болон ой гүйцэтгэж байдаг.
Ой ус хоёрын харилцан хамаарлыг илүү нарийн авч үзвэл: Ой нь усыг цуглуулах, жигд барьж хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулж байдаг. Усны горим нь байгалийн шим тэжээлийн эргэлт, энергийн урсгалыг хангахад оролцдог байна. Ийнхүү байгаль дээрх ой болон усны харилцан зохилдлогоо хэвийн явагдсанаар байгалийн тэнцвэр алдагдахгүй байж чадах ба байгаль өөрөө нөхөн сэргэх, урган төлжих, экосистемийн үйл ажиллагаа нь хэвийн явагддаг. Гэвч манай орны ихэнхи хэсэгт байгалийн энэ өөрийгөө хамгаалах үйл явц алдагдаад байгаа билээ.
6
Өнөөдөр дэлхий дээр өдөрт 130 зүйл мод устаж үгүй болж байгаа нь байгалийн өөрийн хуулиас 1000 дахин илүү хурдан буюу ойн хомсдолын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. Мөн хиймэл дагуулын мэдээгээр 1982-2006 онуудын хооронд ургамалгүй нүцгэн газрын хэмжээ гурав дахин ихсэж, ойтой талбайн гуравны нэгээс илүү нь хорогджээ. Байгалийн үнэт баялаг ойн хэмжээ багассанаар хуурайшилт, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт явагдаж буй нь нэгэнт бидний амьдралд нөлөөлж эхэлсэн билээ.
Энэ бүгдийн шалтгаан нь зөвхөн томоохон үйлдвэрлэл явуулдаг улс орон, тансаг хэрэглээ зэргээс үл хамааран биднээс ч мөн тодорхой хэмжээнд шалтгаалж байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь гар утасны цэнэглэгчээ залгуураас нь байнга салгаснаар цагт 1 вТ-аас илүү эрчим хүчийг хэмнэж чадна.
5
Тэгвэл бидэнд яг одоо энэ үйл явцыг сааруулах, цаашилбал байгалийг өөрийгөө хамгаалах үйл явцыг дэмжих боломж байгаа юу?
- Байгаль орчныг хамгаалах, хайрлахын ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарлах
- Гэр орноосоо эхлээд амьдралын дадал, хэвшлээ өөрчлөх
- Түүхий эд, материал, энергийн зарцуулалтыг хамгийн бага байлгах тухайлбал, та угаалтуур болон шүршүүрийнхээ хошууг ус хэмнэгч даралттай хошуугаар сольсоноор өдрийн усны хэрэглээгээ 40-50 хувиар бууруулж чадна.
- Хаягдлыг эргүүлэн ашиглах нь байгалийн нөөцийг хамгаалахад томоохон ач холбогдолтой гэдгийг байнга санах
- Хүлэмжийн хий ялгаралтыг эрс бууруулах техник технологи тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, жижиг оврын машин, орчин үеийн хэмнэлтэй цахилгаан хэрэгслүүдийг сонгох
- Байгаль орчинд ээлтэй бараа үйлчилгээг сонгох
- Хүлэмжийн хийн шингээлийг сайжруулахын тулд мод, ургамал тарих зэрэг үйл ажиллагааг та өнөөдрөөс ч эхлэн хийх боломжтой юм.
5
Орчин үед улс орнууд байгальд ээлтэй, байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах техник, технологийг дэмжих нь хамгийн оновчтой мөн өгөөжтэй гэж үзэж байна. Манай орон 1993 онд НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцид нэгдэн орсноор цэвэр хөгжлийн механизмыг /хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилготой/ хэрэгжүүлэх суурь тавигдан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2013 онд Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол хаягдлыг багасгах, байгальд халгүй техник технологийн жагсаалтыг гарган эдгээрийг нэвтрүүлэх, ашиглах, борлуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хөнгөлөлт үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг гаргасан явдал нь энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эрх зүй, нийгмийн хөгжлийн таатай орчин аль хэдийн бүрдэж эхэлснийг харуулж байна.
6
Байгалийн өөрийн эргэлтийн систем бидний мэдэж буйгаас илүү нарийн бас илүү зохилдлогоо сайтай хамгаалалтыг бий болгож чаддаг. Харин бид тэр үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүйгээр хөгжлийг авч явах, ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл үүсгэсэн тохиолдолд тэр нөлөөллийг бууруулах арилгах тал дээр заавал ямар нэгэн алхам хийх нь таны энэ дэлхийн эдийн засаг, хөгжлийн ирээдүйн үнэ цэнэд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл та бид яг одооноос байгаль орчныг танин мэдэх, түүнийг хамгаалах үйл ажиллагаанд санаа тавин оролцсоноор дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэрэг болно. Тиймээс хүн бүр “байгалийн хөрөнгө оруулагч” болцгооё. Эх дэлхийгээ, байгалиа, чандмань эрдэнэ болсон усаа хамгаалж хайрлая.
5
З.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ