Үндэсний интерьер дизайнерийн анхдугаар уралдаан болно
Эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц авьяаслаг интерьер дизайнеруудыг шалгаруулах “Интерьер-2014” улсын анхдугаар уралдаан энэ сарын 15-наас тавдугаар сарын 20-н хүртэл дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдах аж. Уралдааны ерөнхий менежер Д.Бадамгарав болон хамтрагч байгууллагын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгсөн юм. Уг уралдаанд “Интерьерийн дизайн болон засал чимэглэлийн шийдэл” гаргах, техник бүтээлч сэтгэхүйтэй 20-оос дээш насныхан таван хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцох боломжтой. Уралдааны нэгдүгээр шатнаас 25 шилдэг багийг шалгаруулан телевизийн шоу нэвтрүүлэгт оролцогч болгох замаар бүтээлийг нь олон нийтэд танилцуулах аж. Дараа дараагийн шатны гүйцэтгэх даалгаврыг ивээн тэтгэгч, хамтран ажилласан байгууллагын захиалгаар хийж, бүтээлүүдээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж олон нийтэд сурталчлах юм байна. Түрүүлсэн багийг 10 сая төгрөгөөр шагнах гэнэ.
Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Жемлайф Аутсорсинг” ХХК, хамтрагч байгууллагаар “ТV5” телевиз, “Бэст буйдан” , Цогц хөгжлийн үндэсний төв, “Монгол экспо”, “Түмэн цамхаг” зэрэг компаниуд ажиллахаар болжээ. Дашрамд дуулгахад, уралдааныг зохион байгуулах комиссын гишүүд цалингаа зүрхний хэм алдагдах өвчтэй Б.Мөнхтуяа охины хагалгааны зардалд хандивлахаар болсон байна.
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ