Нулимс ховортой эрчүүдээ хайрлая
Өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Таныхаа хайрыг даахгүй гэж шимширдэг
Энэрэл хайр судсанд нь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг эрчүүдийн баяр өнөөдөр тохиож байна.
A
Монголчууд эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэж хүндэтгэн дээдэлж ирсэн. Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй холбоотой билээ.
A
Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуухан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ монгол эр хүний давуу тал юм.
A
Эр хүний хийморь ямар байгаагаас тухайн айлын сүр сүлд хамаардаг билээ. Эрдэнэсийн өргөө эх орон эрчүүд маань зүрхэндээ уйлдаг юм. Тиймээс л эр хүн нулимс ховортой явдаг юм шүү хэмээн манай өвөг дээдэс сургаж, эр хүн байж иймхэн юманд уйллаа гэж үү хэмээн жаахан үрсээ аргаддаг юм болов уу. “Эр хүн зүрхэндээ уйлдаг” хэмээн бичсэнийг сурагч ахуйдаа уншаад ихэд гайхаж билээ.
A
Сайхан эр хүн гэдгийг хүн бүр өөр өөрсдийнхөөрөө л хэлэх байх. Гэхдээ эр хүний хувьд сайхан гэдэг ойлголт эмэгтэй хүний сайхан гэдэг ойлголтоос өөр байх нь ойлгомжтой. Эр хүн хүч чадлын бэлэг тэмдэг. Сайхан эр байхын тулд царайлаг байх ч шаардлагагүй. Миний монголын бүх эрчүүд сайхан.
A
Манай эрчүүдийн хувьд гүндүүгүй байдал, уужуу тайван чанар нь тэднийг сайхан болгодог. Дээрээс нь азийнхан дундаа манай эрчүүдийн бие хаа, цог золбоо, хийморь лундаа нь ч үргэлж дээшээ байдаг. Түүнийгээ дуу болгоод аль хэдийнэ амилуулчихсан.
... Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн” хэмээн баргил сайхан
хоолойгоор дуулаад хүчит бөхийнхөө торгон ногоон дэвжээнд сүр хүчээ гайхуулан дэвээд явж байгаа эр хүнийг монгол хүн байтугай гадаадын хэн ч харсан бахархана.
a
Миний монголын эрчүүд сайхан. Гэхдээ хоосон магтаал гоёл биш, соёл ч биш болохоор шүүмжилмээр зүйл бас байна. Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин эх оронд минь орж ирснээр жинхэнэ монгол эр хүний зан араншин бүдгэрч байгаа нь харамсалтай.
a
Сархад хэмээх гашуун идээнд донтож олон монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй хүн араатан болж хувирсан зарим нөхөд ч бий. Хатуухан хэлэхэд, “өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй” болсон гэхэд хилэсдэхгүй.
as
Гэхдээ гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх тамгат монгол эр хүнд асар их хувь заяа бий гэдэгт итгэнэм. Миний монголын эрчүүдийн хийморь бат орших болтугай. Нулимс ховортой эрчүүдээ хайрлая...
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ