“Хүүхдийн төлөөх төсөв”-ийг танилцуулна
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2010 онд Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжид: “Хүүхдэд зориулж (боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг г.м.) хуваарилсан төсөв хөрөнгийг гадаад, дотоодын эдийн засгийн аливаа хямралаас хамгаалах, хүүхдүүдэд зориулан хэдий хэмжээний мөнгийг хэр үр ашигтай зарцуулж байгааг тодорхойлох, үндэсний төсөвт үүнийг олж илрүүлэх үзүүлэлтийн системийг ашиглахыг зөвлөж байна” гэжээ.
й
Энэхүү зөвлөмжийн дагуу Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода “Өсвөр үеийнхэн улсын төсвийн талаар мэдлэг мэдээлэлтэй байж, төсвийг хэрхэн бүрдүүлж, зарцуулж, тайлагнадагийг ойлгож, энэ хөрөнгө мөнгөнөөс хүүхдэд хэдийг төлөвлөж, яаж зарцуулж, яаж хүрч байгааг үнэлэн, санал бодлоо хэлж, оролцож чаддаг болох нь чухал” гэж үзсэн байна.
й
Тиймээс “Хүүхдийн төлөөх төсөв” нэртэй гарын авлагыг “Улс, орон нутгийн төсөвт хүүхдүүд дүн шинжилгээ хийх нь” төслийнхөө хүрээнд боловсруулан нийтэлсэн байна. Энэхүү “Хүүхдийн төлөөх төсөв” гарын авлагыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Б танхимд 14.00 цагаас болох ажээ.
й
Монгол Улсын болон орон нутгийн төсвийн талаарх ойлголтыг хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр өгч буй уг номонд төсвийн талаарх мэдээллийг хаанаас хэрхэн авах, төсвийг хэрхэн бүрдүүлж, хуваарилдагийг тайлбарласан гэнэ. Мөн хүүхдэд чиглэсэн төсвийн хуваарилалтад шинжилгээ хийх энгийн аргуудыг жишээ дасгалуудын хамт анх удаа танилцуулсан ажээ.
й
Тус гарын авлагыг боловсруулах ажилд Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Дорнод аймгийн хүүхдүүд маш идэвхтэй оролцсон байна. Төсөв гэх өөрсдөөс нь хэт хол мэт энэ сэдэв ч гэлээ Монгол Улс төсвийн мөнгөнөөсөө хэдийг нь өөрсдөд нь зориулж, хэрхэн зарцуулж байгааг үнэлэх чухал ажил гэж хүүхдүүд үзсэн байна. Улмаар төсөв хэлэлцэх, зарцуулахад санал бодлоо хэлж, оролцдог болох боломж ч нээгдэж байгаа ажээ.
й
“Хүүхдийн төлөөх төсөв” гарын авлагыг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрөөс санаачилж, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, дэд профессор Д.Нарантуяа, эдийн засагч Я.Очирсүх нар агуулгыг бичсэн ба Монгол Улсын Сангийн Яам, Хүүхдийн төлөө үндэсний газар холбогдох мэдээ, мэдээллээр хангасан юм байна.
й
“Хүүхдийн төлөөх төсөв” гарын авлага боловсруулахад оролцсон хүүхдүүд: • Архангай, Дорнод, Өвөрхангай аймгуудын Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд • Чингэлтэй дүүргийн 6 ба 13-р хорооны Хүүхдийн оролцооны бүлгийн хүүхдүүд • Нийслэлийн 49 ба 50-р дунд сургуулийн сурагчид • Улаанбаатар дах Олон Улсын дунд Сургуулийн сурагчид • Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн сурагчид • МУЗН-ийн дэргэдэх Өсвөрийн Улаан Загалмайн бүлэг • Монголын Скаутын Холбоо • Хүүхэд Хүүхдийн төлөө ТББ-ын дэргэдэх “Хамгаалал” клуб • Монголын Сурагчдын Холбооны гишүүн хүүхдүүд • Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны 11Г ангийн хамт олон тус тус оролцсон ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ