Н.Алтанхуяг: Төсвийн орлого тасалдаагүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг ээлжит “Ерөнхий сайд-30 минут” уулзалт боллоо. Засгийн газрын тэргүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийхээ дараа гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
6
-Ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан иргэд журам батлагдахыг хүлээж байна. Журам хэзээ батлагдах вэ? -1990-ээд оны эхээр манай улс зах зээлд шилжиж маш олон хүн ажилгүй болсон. Тиймээс тэр үед ажилгүй болсон иргэдийг Ажилласан жилд нөхөн тооцуулах тухай хууль УИХ баталсан. Энэ хуулиар 64 мянга орчим иргэн энэ жил хамрагдаж байгаа. Ажилласан жилийг нөхөн тооцсонтойгоор авах тэтгэврийнх нь хэмжээ 20-30 хувиар нэмэгдсэн. Нийтдээ 400 гаруй мянган иргэн байгаа. Үүнийг холбогдох яам, Нийгмийн даатгалын газарт нь хандах биз ээ.
6
-Шатахуун импортлогчидтой байгуулсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ? Шатахууны үнэ нэмэгдээд байна. -Шатахуун импортлогч компаниудтай байгуулсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ. Гэхдээ би өмнө нь хэлж байсан. 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарна. Засгийн газар энэ хэлбэлзэл дээр хянахгүй.
6
-Шатахууны хомсдлын хувьд? -Хомсдол байхгүй. Хомсдол үүсч байгаа бол зохиомол. Яагаад та нар мэргэжлийн байгууллагын үгэнд итгэхгүйгээр ганц хоёр хүний хэлсэн үгэнд итгээд байна вэ?
6
-Амьдрал дээр зөрөөд байна. Хотын захын ШТС-ууд үнэ нэмсэн байна. -Амьдрал баялаг л даа. Хаана хомсдоод байгаагаа хэл?
6
-Амралтын өдрүүдээр “Магнай трейд” компанийн хотын захын дүүргүүдэд бүх ШТС шатахуунаа тасалдуулсан байна. -Наад мэдээллээ манай Г.Өлзийбүрэн, О.Магнай даргад өг.
6
-Оюутолгойн гэрээ хэлэлцээрийн асуудал ямар шатанд хүрсэн бол? Гэрээ хэлэлцээр бүрэн шийдэгдээгүйгээс хөрөнгө оруулалт нь удаашраад байна уу. -Оюутолгойн асуудал дээр Монголын Засгийн газраас хамаарч байгаа юм нэг ширхэг ч байхгүй. Монголын Засгийн газар өөрсдийн байгуулсан гэрээний дагуу ажлаа хийгээд явж байна. Дэлхийн зах зээл ноднин жилээс муудсан. Үүнээс болж өнөөдөр хөрөнгө оруулах шаардлага байна уу? гэдэг дээр гол хөрөнгө оруулагч “Рио тинто” эргэлзэж байгаа. Гэхдээ ажлаа зогсоогоогүй. Өнгөрсөн өдрүүдэд Оюутолгойн ТУЗ-ийн хурал болсон. Гүний уурхайд хийх хөрөнгө оруулалтаас бусад зүйл хэвийн явж байгаа. Гүний уурхайд хийх хөрөнгө оруулалтын талаар бид ярьж байгаа. Үүнийг эдийн засгийн байдлыг харж байгаад шийднэ.
6
-Буянт-Ухаа хороололд хичнээн иргэн ТҮЦ машинаар захиалгаа өгсөн бол? -ТҮЦ машин төрийн хүнд суртлыг арилгаж, төрийн үйлчилгээг ойртуулсан чухал арга хэмжээ. Бид Буянт-Ухаа хорооллын 1700 айлын захиалгыг яаж авах талаар ярьсан. Хуучин хэв маягаар захиалга авч, дугаар үүсээд,баахан маргаан, зодоон болдог байсныг болиулсан. Зарим хүмүүс онлайнаар авахгүй яасан юм гэнэ. Энэ бол их том дэвшил болсон. Улаанбаатар хотод 48 ТҮЦ машин ажиллаж байгаа.
6
-Төсвийн орлого тасалдаж байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? -140 гаруй тэрбум төгрөгийн 242 обьектийг царцаасан. Үүний үр дүнг УИХ дээр ярина. Төсвийн орлого тасалдсан зүйл байхгүй. Харин гаднаас орж ирж байгаа зүйл багассан байна лээ. Би та нарт хэлж байсан даа “хэрэгтэй, хэрэггүй юм гаднаас авах хэрэггүй” гэж. Манай иргэд үүнийг авахаа больж байгаа нь сайн үзүүлэлт.
6
-ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ж.Солонгыг ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр шүүхээс гарсан. Эргүүлж томилох болов уу? -Шүүхийн шийдвэрийн асуудал дээр би хариулдаггүй юм.
6
-Валютын үнийг бууруулах тал дээр Засгийн газар арга хэмжээ авч байгаа бол? -Валютын ханшин дээр “Найман шарга” болоод зарим арилжааны банкуудын хийсэн үйлдлийг шалгах ажлын хэсэг гарсан байгаа. Энэ нь нэг сарын дотор хийгдэх ажил биш.
6
-Төмөр замын царигийг хэзээ барих вэ? -Төмөр замын царигийг УИХ-аар оруулж шийднэ. Засгийн газраас ажлын хэсэг ажиллаж байгаа. Тодорхой дүгнэлт гарч ирэхээр УИХ-д оруулж ирнэ.
6
-ЕБС-ийн сурагчид нийтийн тээвэрт 200 төгрөг төлдөг. Гэтэл оюутнууд төрөөс виза карт авч хөнгөлөлт эдлээд явж байна. Энэ шударга ардчилал мөн үү? -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, оюунтнуудад жилдээ улсын төсвөөс нийтийн тээвэрт 53 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ завхарсан системийг өөрчлөх хэрэгтэй. Үүнтэй санал нэг байдаг. Хэрвээ бид энэ асуудал дээрээ ухаалаг систем нэвтрүүлбэл жилдээ 15 тэрбум төгрөгийг хэмнэх бололцоотой. Ухаалаг системээ энэ онд багтааж хийнэ. Шударга бус юмыг шударга болгох нь маш төвөгтэй асуудал юм. Яагаад гэвэл шударга бус болгож празитлаад суучихсан бүхэл бүтэн арми байдаг юм байна. Тэд өдөр бүр “чулуу” шидээд байна. Дээр нь мөнгөтэй байна, тэд.
6
-Орон нутгийн хөгжлийн санд их мөнгө төсөвлөгдөж байгаа. Ингэснээр төрийн өмч данхайж байна гэж хүмүүс хэлж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? -Энэ жил Орон нутгийн хөгжлийн санд 280 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Аймаг, сум, дүүргүүд өөрсдөө хариуцаж мөнгөө зарцуулж байгаа шүү дээ. Төрийн өмчийг эзэнжүүлэх ажлын хэсэг гаргасан. Бодлогын баримт бичгээ гаргаад УИХ-д оруулна.
6
-Төрийн албаны үүрэг гүйцэтгэгч нарыг хэзээ шийдэх вэ? -Төрийн албаны үүрэг гүйцэтгэгч цөөрсөн. Хуулийн дагуу шийдэх байх.
6
-Төрийн албан хаагчдын цалин хэзээ нэмэгдэх бол? Цалин нэмэгдвэл төсөвт ачаалал ирнэ гэсэн яриа байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу? -Үүнийг шийдчихсэн. МАН-ын бүлэг ч, АН-ын бүлэг ч энэ оны төсөвт цалинг нэмэхээ шийдчихсэн. Хэзээ, ямар хэмжээгээр нэмэхээ олон нийтэд зарлахгүй.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ