Үндэсний сургалт Хөвсгөл, Ховд аймагт үргэлжилж байна
УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлнэ.
2013 онд Удирдлагын Академи, МУИС, Хүний эрхийн комисс, Авлигатай тэмцэх газартай хамтран үндэсний сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан, сургагч багш нарыг бэлтгэж, чадавхжуулах сургалтад Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 төлөөлөгч хамрагджээ. Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний сургалтын хөтөлбөрт Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин-ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр гэсэн долоон сэдэв багтаж байгаа юм.
Сургалт энэ оны I, II улиралд үргэлжилж 16 аймаг, 6 дүүргийн 6000 гаруй төлөөлөгчид хамрагдах юм. Хоёрдугаар сарын 17-ноос Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай аймгаас эхэлсэн сургалт Өвөрхангай, Завхан, Дархан-Уул аймагт явагдаж, өнөөдөр Ховд, Хөвсгөл аймагт эхэллээ. Хөвсгөл аймгийн 23 сумын нийт 584 төлөөлөгч дөрвөн ээлжээр гуравдугаар сарын 22-ныг дуустал Мөрөн хотод сургалтад хамрагдах юм. Эхний ээлжийн ээлжийн сургалтад Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рашаант, Эрдэнэбулган, Тариалан сумдын 145 төлөөлөгч оролцож байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ