Хүн сэтгэлдээ, мөс чанартаа согогтой байна гэдэг л эмгэнэл
МЗЭ-ийн гишүүн, “Алтан-Өд” шагналт яруу найрагч Г.Баяртай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 31-нд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийнэ. Яруу найргийн наадмуудын тайзан дээр тэргэнцэртэй залуу гарч ирээд, намуухан хоолойгоор ер бусын зөөлөн, аргадангуй атлаа үнэний тухай өгүүлсэн шүлэг уншдаг. Тэр нь Г.Баяр гэдгийг утга зохиол, яруу найргийн ертөнцтэй ойрхон оршдог хүн бүхэн мэдэх байх. Түүний өвдсөн шалтгаан нь булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой. Эдгэрэх найдлагатай. Тэрбээр энэ удаагийн тоглолтоос олсон орлогоороо гадагшаа эмчилгээнд явж, биеэ эмчлүүлэх хүсэлтэй байгаа юм.
ы
-Сайхан хаваржиж байна уу. Тоглолтын бэлтгэл ажил гээд ойрд завгүй л яваад байна уу. Тоглолтоо яагаад “Тэнгэрийн сүм-Эх орон” гэж нэрлэх болов? гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе?
-Сайхан хаваржиж байна. Сайхан хаваржиж байна уу? Олон түмэндээ хийсэн ажлаа тайлагнаж, дүн тавиулах гээд их хичээж байна. Тоглолтын нэрийн хувьд би эх орноо энэ орчлонгийн амин сүнс хийгээд гоо сайхны төгс төгөлдөр сүм гэж боддог. Дэлхийн долоон гайхамшиг л гэнэ би тэдгээрийг нэг их тоодоггүй тэднийг чинь хүн урласан. Харин миний эх орныг бол бурхан урласан. Тийм учир тоглолтоо “Тэнгэрийн сүм-Эх орон” гэж нэрлэсэн.
Я
-Таны тоглолтод их олон хүн зүрх сэтгэлээрээ тусалж байх шиг байна. Та их нүүрний буянтай, олонтойгоо хүн юм аа?
-Миний нүүрний буян гэхээсээ элгэн олон ахан дүү, анд нөхдийн минь сэтгэлийн буян л даа. Монгол хүнд нэг сайхан чанар бий бие биендээ сэтгэл дэгэхээр бол юугаа ч хайрлахгүй эрвийх дэрвийхээр тусалдаг. Энэ л монгол хүнийг дэлхийд мандуулсан. Ийм сайхан ард түмэн анд нөхдөө олж төрсөндөө туйлын ихээр баярлаж байна. Олныхоо хайрыг яаж даана даа.
Й
-Тантай ярилцсан хүмүүс дандаа л шүлгийн тухай, шүлэгчийн тухай хөөрөлдсөн байх юм. Би өнөөдөр энэ уламжлалыг жаахан эвдэе гэж бодлоо болно биз дээ?
-Бололгүй дээ. Шүлэг бичдэг хүн гэхээр л өөр гарагаас ирсэн өөр хүн гэж боддог юм шиг байгаа юм хүмүүс. Яг үнэн дээ бол бид чинь энгийн л хүн шиг хүн уйлдаг дуулдаг гэхдээ бидний бусдаас өөр тал нь жожиг ганцаараа байх дуртай. Эд хөрөнгийг юман чинээ тоодоггүйд л байгаа юм. Амьдралын мөн чанарыг дэндүү эрт ойлгосон гэх үү дээ.
Й
-Тэгвэл хоёулаа таны бага наснаас эхэлье. Таны багийн зургийг харахад их цовоо төрхтэй хүүхэд байсан байна лээ?
-Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Хаана л болохгүй юм болно би дунд аль хэдийн орчихсон л цохиж явна. Гэр лүү чулуу шидлээ, Баяр охидын гэзгийг холбон уяж уйлуулсан, Баярын цүхнээс нь ороодог тамхи гарлаа... өнөөх л Баяр [инээв]. Өглөө сургуульдаа явлаа гэж эмээдээ худлаа хэлж гараад, хэдэн найзуудтайгаа дөрөө нийлэн, Суман голын тохойд алгана барьж, сонинд боон шарж, идэж байгаад орой нэг их сүрий хүн хичээлдээ суугаад ирлээ гээд ордогсон. Тэгэхэд би эмээгээ биш өөрийгөө л хуурч явсан юм байна лээ дээ одоо бодохоор.
Й
-Харин аав ээжийнхээ тухай?
-Аавыг маань Ганболд гэдэг малын эмч, цаг уурч мэргэжилтэй. Миний ээжийг Нарангэрэл гэдэг тогооч мэргэжилтэй. Хоёр буурай маань бусад хүмүүсийн адил насаараа л улсдаа хөдөлмөрлөсөн.
-Уучлаарай Баяр ах, Би таныг оюун ухаанаараа босоо байж, хөл дээрээ алхаж яваа хүмүүсээс түрүүлж яваа гэж боддог. Гэхдээ хэрвээ би алхаж байсан бол гэж бодох үе байдаг уу?
-Хаяа босоод явчихмаар үе байлгүй яахав. Хэрэв бурхан надад “нэг өдрийн хугацаатай хөл дээрээ яваад үх” гэвэл би хоёр эмэгтэйг баяруулахад энэ бүх хугацааг зориулна. Эхлээд ээждээ цэцэг тэвэрч очно, дараа нь сарны сүмийн охиндоо цэцэг тэвэрч очно гэж боддог. Гэхдээ би одоо хүртэл өөрийгөө тэргэнцэр дээр суудаг гэж боддоггүй. Хүн биедээ согогтой байж болно. Харин сэтгэлдээ, хүний мөс чанартаа согогтой байна гэдэг л эмгэнэл. Би бусдаас түрүүлээд байгаа юм байхгүй л дээ. Сайхан авьяас билэгтэй аавын хүү зөндөө шүү дээ. Р.Чойном найрагч “ард түмний яруу найрагч нь байх ямар хэцүү юм бэ” гэж хэлсэн байдаг. Энэ юутай үнэн үг вэ.
Й
-Таны бичсэн шүлгүүд хадаг шиг зөөлөн байдаг. Харин та ямар зан араншинтай хүн бэ?
-Би хүүхэд шиг гэнэн цайлган бас хэт мэдрэмтгий хүн дээ. Дандаа л бусдын өмнөөс шаналж хэн нэгэнд өөрийн чадах зүйлээрээ тус болчих юмсан гэж их хичээж явдаг.
Й
-Уран бүтээлч тэр дундаа яруу найрагч хүн их эмзэг байдаг шүү дээ. Таныг юу хамгийн ихээр эмзэглүүлж байна.
-Хүмүүс байгаль ээжтэйгээ буруу харьцаж байгаад сэтгэл өвдөж байна. Эх орныхоо аль өөдтэй гэснийг гадагш нь зөөгөөд дуусч байгаад уйлмаар байдаг. Энэ хөх орныг бидэнд бүрэн бүтэн өвүүлж үлдээх гэж өвөг дээдэс минь амь насаа өгсөн. Тэгэхэд бид нарын байж байгаа царайг хар. За яахав энэ үе ингээд дуусна гэж бодъё хойч үе маань яаж амьдрах вэ. Уул гэсэн чинь ухаж сэндийлээд овоолсон шороонууд, гол мөрөн нь ширгэж хог новшинд дарагдсан хуурай сайрууд энэ бүгдийг хараад хойч үе минь биднийг яавч уучилж чадахгүй дээ.
Й
-Тэгвэл та юунаас тайвширал авдаг вэ?
-Уртынхаа дууг сонсож тайвширдаг. Нүдээ аниад л сонсоод суугаад байдаг. Тэгээд нүдээ нээхэд огторгуйгаар нисч байгаад газар буусан юм шиг санагддаг.
Й
-Та бол хийж, бүтээж туурвиж буй монгол залуу хүн. Нэгэнтээ залуу насыг “...хээрийн цэцэгтэй зүйрлэж хэлэмгүй хээнцэр залуу нас минь” гэж шүлэглэсэн байдаг. Таны бодлоор залуу хүн ямар байх ёстой юм бол?
-Хүний залуу нас бол өөрөө гайхамшиг. Энэ насандаа цангасан адуу шиг сурах л хэрэгтэй. Сайн сайхныг бүтээх хэрэгтэй. Өөр өөрийгөө дайчилж чадвал бүх зүйл нээлтэй. Боломж зөндөө байна шүү дээ. Бид тийм ч юм, ийм юм болохгүй байна. Нийгэм болохгүй, энэ идлээ, уулаа гэж суухынхаа оронд хийж бүтээе л дээ. Улс орноо гэрэл гэгээтэй талаас нь харцгаая. Бид одоо гэрийн буйрийн чинээ биш, дэлхийн буйрийн чинээ сэтгэх цаг болсон шүү дээ залуус минь.
s
“Сар луу очно” гэвэл үүрээд ч хүргэх андуудтай хүн
d
-Хүн болгоныг амьдруулж буй нэгэн зүйл байдаг гэж би боддог. Таны хувьд яруу найраг байх. Хэрэв та яруу найрагч байгаагүй бол хэн байх байсан бол?
-Аливаа хүн энэ орчлонд нэг үүрэгтэй ирдэг байх. Намайг бол шүлэг бич л гэж ийш нь илгээсэн байх. Би шүлэг бичдэггүй байсан бол гэж бодохоор айдаг.
s
-Би таны найзуудыг их сайн нөхөд гэж боддог. Гурван яруу найрагчийн хамтарсан “Шувуудын айд навчис залбирахад хөх тойрогт танихгүй цэцгийн үр дэлгэрнэ” номын хуримын үеэр яруу найрагч Н.Минжинсайхан таны өмнө суугаад гутлын чинь үдээс тайларсныг засч үдэж өгч байсан. Үүнийг хараад нэг л тийм дотно, дулаан мэдрэмж төрсөн?
-Би чинь энэ сайхан андуудынхаа буянд өндөр Будда шиг явдаг хүндээ. Намайг хэдэн талаас минь өргөөд хаана очмоор байна тэнд нь хүргэж өгнө. Сар луу очно гэвэл үүрээд явахад ч бэлэн. Миний төлөө боож үхэж ч чадах АЛИУС бүлгэмийн дүү нар минь байна.
as
-Хоёр хоногийн өмнө олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Энэ өдөрт ач холбогдол өгдөг үү. Ер нь эмэгтэй хүнийг өөрийнхөөрөө тодорхойлооч?
-Сайхан баяр шүү жил жилийн энэ баяраар нэг дурсамж сэргэдэг юм. Би найман настай байхдаа ээждээ цаасан цэцэг хийж бэлэглэж байсан минь санаанд ордог. Одоо ч тэр цэцэг байдаг. Эмэгтэй хүн бол миний уран бүтээлийн зүрх гэж хэлж болно. Хавар болж охид хувцсаа нимгэлээд эхлэхээр миний шүлэг бичих өвчин сэдэрдэг дээ.
as
-Тэгвэл тэр хавар чинь ирчихлээ. Та дуртай л биз дээ?
-Ирж яваа цаг сайхан шүү. Би хавар намарт л хайртай. Эдгээр улиралд би жинхэнэ өөрийнхөө дотоод ертөнцөд амьдардаг. Шүлгээ бичээд л, санаа алдаад л ай даа.
a
-Хавар хайр дагуулж ирдэг гээд л ярьдаг, дуулдаг хамгийн сүүлд ямар бүсгүйд дурлаж, шүлэг зориулав?
-Нууц нууц. Шувууд бие биедээ яаж дурладгаа хүнээс нуудаг байхад би ч гэсэн дурлалаа нуудаг. Харин тэгэхдээ шүлэгнээсээ нуух гээд нуух газар олдоггүй, газар дээрээ баригдчихдаг юм [инээв].
a
-Та анхны хайрынхаа тухай яриач?
-Анхны хайр сайхан шүү харцны хиргүй, уруулын хиргүй авах өгөхийн хиргүй миний анхны хайр 16 насанд минь ирж билээ. Нэг л өдөр тэр охины бүх юм хөөрхөн харагдаад эхэлсэн. Өмнө нь зүв зүгээр л хөзөр энэ тэр тоглодог байсан. Гэтэл нэг л өдөр ичдэг болчихсон, бодол санаас дүр төрх нь гарахаа больсон тэр л дурлал гээч нь байсан юм билээ.
a
-Амьдралын хамгийн гэгээн нь юу байдаг юм бол?
-Хүн хүнээ хайрлах.
a
-Ардын дуунд дуртайг чинь мэднэ. Харин ямар дуу дуулах дуртайг тань мэдэхгүй юм байна?
-“Хонхон цэцэг” дууг аялах дуртай.
a
-Байнга л уншиж байдаг. Одоо ямар ном уншиж байна?
-Ойрд унших завгүй яваад байна. Хөдөө нутагтаа очоод уншина даа.
a
-Та ирээдүйд юу хүсч мөрөөдөж, юунд тэмүүлж байна?
-Сайн сайхны үйлд бүхнээ зориулна гэж боддог доо.
s
-Уран бүтээлийн тухай ганц асуулт. Найраглал, роман, тууж гээд утга зохиолын бусад төрлөөр уран бүтээлээ туурвих бодол байна уу?
-Бодол бол бий. Гэхдээ хүн бүхэн үргэлжилсэн үг рүү хошуураад эхэллээ. Яруу найрагтаа үнэн ч үлддэг юм уу гэж бодож байгаа. Хэрхэхийг тэнгэр мэднэ.
s
-Ярилцсанд баярлалаа.
s
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ