Д.Алтанхуяг: ”Буянт-Ухаа 1” хорооллын захиалга 14 хоног үргэлжилнэ

img

“Буянт-Ухаа1”хорооллоос орон сууц авах захиалгын бүртгэл өнөөдөр өдрийн 13 цагаас албан ёсоор эхэллээ. Энэ тухай ТОСК-оос олон нийтэд мэдээлэл хийсэн юм.

Ирэх тавдугаар сард ашиглалтад орох “Буянт-Ухаа 1” хороололд захиалга өгөхийн тулд иргэд цахим үнэмлэхтэйгээ очиж ТҮЦ машинд бүртгүүлнэ. ТҮЦ машин  иргэдийг бүртгэхдээ иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг өөрийн мэдээллийн сангаас шүүж, тухайн иргэний оруулсан мэдээлэл орон сууц захиалах журамд нийцвэл, үнэт цаасан дээр тухайн хүнийг бүртгэсэн мэдээлэл бүхий бүртгэлийн дугаарыг хэвлэж гаргах аж. Харин  энэ оны 1 дүгээр сарын 1-ээс хойш нийслэлийн иргэн болсон болон гэрлэлтээ батлуулсан, залуу гэр бүл нь 35 наснаас хэтэрсэн гэх мэтчилэн журамд нийцэхгүй иргэнд автоматаар бүртгэхээс татгалзсан хариу өгөх аж. Орон сууцны бүртгэл энэ сарын 24-ний 18 цаг хүртэл буюу 14 хоногийн хугацаанд явагдах юм байна.

5

Хэвлэлийн бага хурлын үеэр ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай захиалгын бүртгэлийн талаар ярилцлаа.

.

-“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдан авах иргэдэд тавигдаж буй шаардлагын талаар тодруулаач?

-Орон сууц худалдан авах иргэдэд дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатарт байнга оршин суух хаягийн бүртгэлтэй Монгол Улсын иргэн байх, анх удаа орон сууц худалдан авч байгаа, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад 2-оос дээш жил ажиллаж, энэ хугацаандаа тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. Мөн банк санхүүгийн байгууллагад чанаргүй болон найдваргүй зээлийн өргүй байх,  өмнө нь сууцны зээл авч байгаагүй, захиалах орон сууцныхаа 30 хувийг төлөх боломжтой, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк санхүүгийн байгууллагаас зээл авахад зээлдэгчид тавигдах нөхцөл шалгуурыг хангасан байх ёстой.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд анх удаа орон сууц авч байгаа гэдэг дээр хэрвээ 18 нас хүрэхээс өмнө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцанд бүртгэлтэй байсан бол “Буянт-Ухаа 1”-д захиалга өгч болно.

.

-ТҮЦ машин Улаанбаатарын хэмжээнд 20 гаруй л байдаг гэсэн. Энэ нь орон сууц захиалах хүсэлтэй иргэдэд хүрэлцээтэй байж чадах уу?

-Бид энэ байранд орохыг хүссэн иргэддээ илүү боломж олгохын тулд бүртгэлийн ажиллагаагаа Улаанбаатарт байгаа энэ цэгүүдээрээ дамжуулан 14 хоногийн хугацаанд авч байгаа. Тиймээс иргэд өнөө, маргаашгүй захиалга аваад дуусчих юм шиг санан яарч сандрах шаардлагагүй. Хугацаа байгаа юм чинь бие биеэ хүндэтгээд бүртгэлээ хийлгэх боломжтой.

.

-ТҮЦ машинд бүртгүүлэхдээ нэг хүн дунджаар хичнээн минут зарцуулах вэ?

-Тухайн хүн машиныхаа яг зааврын дагуу, зөв товчоо дараад явбал ойролцоогоор 1 минут л зарцуулна. Ингээд иргэний үнэмлэхээ уншуулаад, хурууны хээгээ бүртгүүлэхэд үнэт цаасан дээр хэвлэсэн хуудас гарч ирнэ. Хуудас гарч ирсэн тохиолдолд тухайн хүн ямар ч байсан урьдчилсан байдлаар манай бүртгэлд орчихлоо гэж ойлгож болно.

.

-Хэрвээ ТҮЦ машинд амжилттай бүртгүүлсэн бол сугалаанд оролцох эрх нээгдэх үү?

-ТҮЦ машинд бүртгүүлснээр орон сууцны захиалга өгөх эрхтэй гэж ойлгож болохгүй. Бид 14 хоногийн хугацаанд иргэдийг бүртгэж дууссаныхаа дараа бүртгүүлсэн бүх иргэдийн материалыг УБЕГ, НДЕГ, Монголбанкны мэдээллийн бүртгэлийн сан гэх мэтчилэн холбогдох байгууллагууд руугаа явуулах болно. Ингээд эдгээр байгууллагууд маань 5-7 хоногийн дотор ерөнхий мэдээллийг нягтлан шалгаж, бидэнд хариу ирүүлэх юм. Хэрвээ энэ үеэр тухайн бүртгүүлсэн иргэн Засгийн газраас гаргасан журмыг хангаж байвал сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

Бид тухайн үед нь сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг эцэслэн гаргана. Үүний дараа сугалааг явуулах хугацаа, журмыг олон нийтэд зарлана.

.

-ТҮЦ машинд бүртгүүлэхдээ авах орон сууцныхаа м2-аа захиална гэж байсан. Хэрвээ тухайн захиалсан байрныхаа урьдчилгааг төлж хүрэлцэхгүйгээс дараа нь м2-аа багасгаж захиалах ч гэдэг юм уу м2-аа өөрчилж болох уу?

-Үгүй ээ, м2-ыг ганцхан удаа л бичиж оруулна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ТҮЦ машинд бүртгүүлэхдээ авах боломжтой орон сууцны м2-аа бичиж оруулна. Ингээд машин автоматаар тухайн хүний төлөх урьдчилгаа мөнгийг бодож гаргах юм. Жишээ нь, анх 33 м2 байр захиалчихаад дараа нь 49 м2 болгоно гэсэн ойлголт байхгүй. Тиймээс иргэд маань анхнаасаа сайн тооцоолж байж орон сууцаа захиалах хэрэгтэй.

.

-Сугалааг яаж явуулах вэ. Сугалаандаа оролцоод тэнцсэн тохиолдолд урьдчилгаа төлбөрөө төлөх үү?

-Тийм ээ. Сугалааг бид олон нийтэд ил тодоор, цахим хэлбэрээр явуулах болно. Сугалааг явуулахдаа бид иргэдийн төлөөллийг байлцуулна.

Хэрвээ тухайн хүн сугалаандаа оролцоод нэр нь тодорсон бол манай дээр ирээд урьдчилгаа төлбөрөө төлж, гэрээгээ байгуулах болно.

:

-“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчдыг хамруулахаар заасан. Төрийн албан хаагчдын тухайд бүртгэлийг яаж явуулах вэ?

-Анх байгууллага бүрт нь квот өгөөд тэрнийхээ дагуу ажилчдын нэрсийг нь авахаар ярьж байсан. Гэхдээ одоо үүнийгээ болиод иргэд өөрсдийн тохирсон ангилалдаа, сонголтоо зөв хийгээд явах нь илүү шударга нээлттэй байх болно гэдэг үүднээс төрийн албан хаагчид ч мөн адил ТҮЦ машинаар бүртгүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машинаар бүртгэл явуулснаараа тухайн иргэн орон сууц авахын тулд хэн нэгэн хүнийг танидаг байх шаардлагаггүй юм.

:

-“Буянт-Ухаа 2” хороолол-ын барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-27800 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил газар гэсэхээр эхэлнэ. Энэ удаад хамрагдаж чадаагүй иргэд дараагийн ээлжийн орон сууцанд хамрагдах боломжтой. Мөн орон нутагт бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Сая Эрдэнэтэд 1000 айлын орон сууцны шавыг тавьсан. Цаашдаа энэ хөтөлбөр маань үргэлжлээд явах болно.

:

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сугалаанд оролцоод авах гээд хүссэн м2 байр дуусчихвал дараа нь сонголт байна биздээ.нэгэнт сугалаанд ороод, авах гэсэн байрны мөнгө нь хүрэхгүй болчихвол багасгаж авч болно биздээ.30хувь олно гэдэг тийм амар зүйл биш,зээлүүлэх гэсэн хүмүүс нь болчихвол бага м2-л авна ш дээ.сугалаа авсан эрхийг нь хангаж өгөх хэрэгтэй.
2014-03-11
zochin:
niigemiin daatgaliig 1 jil gesen yaasan be ulam shahaad baih em
2014-03-10
аааа:
хэдэн цаг хүртэл ажиллах вэ түц машин
2014-03-10
а.энхжаргал:
зөв шүү үүүү
2014-03-10
партизан:
хүүе. дагва жагсаалд оролцогчдод байр олгохгүй хэмээн зарласан наад хажуу талын *гаа түлхэж унагаа. хаанаас гарсан *н тоорой вэ
2014-03-10
oyuna:
2014-01-01 nees hoish batluulsan ger bvl bolohgvi gesen yagaad
2014-03-10
gelen:
түц машин нь хаана хаана байрлаж байгаа юм
2014-03-10