Ц.Элбэгдорж: Хүчирхийллийн эсрэг бодлогуудаа “амьтай” хэрэгжүүлэх хэрэгтэй
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо. Жил бүр уламжлал болгон хийдэг болж буй уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн уулзалт “Эмэгтэйчүүдийн эрх ба хүн ам, хөгжлийн бодлого” сэдвийн дор болов. Уулзалтад оролцогсод Монгол Улсын хүн ам, хөгжлийн бодлогыг эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрхийн зарчимтай нийцүүлэн явуулах чиглэлээр санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
МОНФЕМНЕТ –ийн ерөнхий зохицуулагч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэлсэн үгэндээ хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө Төрийн тэргүүн зоригтой дуугарч байгааг онцоллоо. Тэрээр “Бид нэг зүйлд баяртай байна. “Хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлцгээе” гэсэн дэлхий нийтийн санаачилга явж байгаа. Энэ санаачлагад дэлхийн Засгийн газрууд нэгдэж байна. Түүнд Монгол Улс нэгдээгүй байсан. Тэгвэл сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаа төлөөлж энэ санаачилгад нэгдлээ. Энэ бол дэлхий нийтийн түвшинд маш том арга хэмжээ юм. Бид Ерөнхийлөгчийн илгээлтийг бүрэн эхээр нь орчуулж веб сайтуудаар олон улсын хэмжээнд түгээж байна” гэв.
6
“Бидэнд хүч бий боллоо”
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хүний эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг чиглэлээр гаргах бодлогуудаа амьтай, хүндээ хүрсэн байдлаар гаргаж, хэрэгжүүүлэх хэрэгтэй юм. Бодлого гэж хуулиудаа хэлээд байгаа юм. Наад зах нь бодлогуудын үнэлгээ, хэрэгжилтийн тайлан байдаггүй. Иргэдийн зүгээс тавих хяналт алга. Тийм механизмаа тогтоогоогүй байна. Одоо энэ рүүгээ орохгүй бол болохгүй. Эдгээрийг бодлого гаргадаг хүмүүст, УИХ, Засгийн газрын гишүүдэд ойлгуулах нь маш чухал. Гэр бүл, хүүхдийн асуудал ярихаар тэд заримдаа зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр өрөөсгөл ойлгодог. Хүний эрх гэхээр бөөгнүүлж ойлгоод байдаг. Хамгийн түрүүнд эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу эхчүүд, хөдөөгийн ядарч, зүдэрч байгаа эмэгтэйчүүд, цөөнх болоод байгаа хүмүүсийн эрхийг хэрхэн хамгаалж байна вэ гэдгээр л хүний эрх хангагддаг. Үүнийг эмэгтэйчүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд л ярьдаг юм шиг ойлгодог. Гэтэл тэд тооны хувьд бодлого гаргах хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэж хуваагдсан байдлаар бодлогодоо хандвал буруу.
6
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого гээд тун чухал хуулиуд удахгүй УИХ-д орох гэж байна. Тэдгээр баримт бичгийг их ул суурьтай сууж хийх ёстой. Нэг үеэ бодвол бидэнд хүч бий боллоо. УИХ-д 11 эмэгтэй гишүүн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хувьд дэд дарга Б.Нэргүй дээр асуудал төвлөрөөд, анхаараад явах боломжтой. Бодлогын баримт бичгүүдийн төсөл дээр ажиллахдаа манай өрөөнд цуглараад үг, өгүүлбэр бүрээр нь ярилцах боломж байна. Бодлого гаргах нь чухал, хамгийн чухал нь түүний хэрэгжилт байгаа юм. Хүрсэн түвшнээсээ буурахгүй явах нь бидний зорилт. Санхүү, мөнгөний асуудлыг давхар шийдэхгүй бол ажил доголддог тал бий. Дээрээсээ эхлээд анхан шатны сум, багт хүртэл хэрэгжих чиг, замыг бас харах хэрэгтэй.
6
Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх ажлын хэсэгт олон нийтийн байгууллагын төлөөллийг оруулж, тэднийг яриулмаар байна. Ажлын хэсэгт төлөөлөл оруулж УИХ-аар төсөл хэлэлцүүлэх үед тайлбар хэлүүлдэг, тийм нэг соёл нэвтрүүлмээр байна. Одоо бол манайд нэг сайд, дэд сайд ч юм уу, асуудал оруулж байгаа газрын дарга орж тайлбар хийдэг. Тэгвэл яг олон нийтийн төлөөлллийн дуу хоолойг сонсгож, наад зах нь ажлын хэсэгт хэсэгт оруулах боломж бүрдүүлье.
7
0-2 настай хүүхдээ асарч байгаа эхчүүд, гэр цэцэрлэг, төрөх эмнэлэг, бага сургууль, түүний хүртээмж зэрэгт цогц анхаарах хэрэгтэй. Наад зах нь төрөх эмнэлгүүдэд хүүхдийн амьсгалын аппарат хэрэгтэй. Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний үндэсний төвд хэдэн аппарат бий. Гэтэл хүн ам олонтой аймгуудад хүрэлцдэггүй. Ингээд багасгаад харахаар маш их зүйл харагддаг. ТББ-уудын зарим санаачлагыг ажил болгох талаас нь дэмжихгүй бол ажил явдаггүй. Засгийн газраас гаргасан 40-өөс дээш насныхныг ажлаар хангах шийдвэрийг дэмжиж өгөх хэрэгтэй” гэлээ.
5
“Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг юм “
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өнөө маргаашгүй УИХ-д барихаар болжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч өмнө нь зүгээр л танхайрсан хэрэгт холбогдож 5-30 хоног баривчлах ялаар шийтгэгддэг байсан бол одоо “Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг юм “гэж тусад нь оруулахаар болсон байна. Гэр бүлийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулийн төсөлтэй дээрх хуулийн төслийг нягт уялдуулж цогц механизм болгохоор авч үзэж байгаа аж. Хууль зүйн яам Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны төслийг боловсруулж удахгүй Засгийн газраар хэлэлцүүлэхээр болжээ. Мөн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатыг боловсруулж байгаа ажээ.
7
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан “Олуулаа” хуулийн төсөл дээр яамдаас санал авч байгаа бөгөөд үүн дээр Хууль зүйн яамныхан хүний эрхийн суурь зарчим дээр үндэслэсэн саналууд өгчээ. Монголчууд олуулаа болохоос гадна эмэгтэйчүүдийн хөгжилд оролцох оролцоог хязгаарлахгүй байхаар давхар зохицуулалтыг анхаарах хэрэгтэйг тэнд тусгасан байна. Хүн амын бодлого гаргахдаа эмэгтэйчүүдийн эрх талаас дуу хоолой, санал бодлоо илэрхийлж байгааг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэллээ.
7
Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах байр байгуулах, эмэгтэй мөрдөн байцаагчдыг бэлтгэх зэрэг асуудал өнгөрсөн жил хөндөгдөж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд анх удаа гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсдийг түр хамгаалах байр байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Эмэгтэй мөрдөн байцаагчдыг эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, хүчин, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой чиглэлээр ажиллуулж байна. Анх удаа Нийслэлийн цагдаагийн газар гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх газар байгуулжээ. Инйхүү нэг жилийн дотор өмнөх уулзалт дээр гарсан саналууд ажил хэрэг болж буйг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг танилцуулсан юм.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ