Иргэний харьяаллаа сэргээлгэх хүсэлт тавьжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын ГХ-ны сайд Л.Болд нар энэ сарын 5-6-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. УИХ, Засгийн газрын гишүүд энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гадаад бодлогын нэгдмэл байдлын талаар болон хилийн боомт, иргэний харьяалал зэрэг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Баян-Өлгий аймгийн удирдлагууд орон нутгийнхаа хөгжил, нийгэм, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй танилцуулснаас гадна аймгийн иргэдийн хувьд анхаарч үзэх асуудлуудыг уламжилжээ. Уг уулзалтын үеэр ГХ-ны сайд Л.Болд Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байх, ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлж байгаа гадаад харилцааг нэг цонхны бодлогын талаар онцолсон байна. Түүнчлэн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол, БНХАУ-ын хилийн Даян, Улаан-Уулын боомтыг зуны улиралд уртасгасан хугацаанд ажилладаг болгох, Монгол,Оросын хилийн Цагааннуур боомтыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх, тус боомтоор хил орчмын оршин суугчид визийн хөнгөлөлтөөр зорчихтой холбоотой журмыг ОХУ-ын талтай нэг мөр ярьж тохирох зэрэг асуудлыг иргэд хөнджээ.
БНХАУ-тай хиллэдэг Даян-Улаан-Уулын боомтыг зургадугаар сарын нэгнээс аравдугаар сарын нэгэн хүртэл байнгын ажиллагаанд оруулах талаарх саналаа ГХЯ ноот бичиг хүргүүлэн, үүний мөрөөр ажиллаж байгаа аж.
Мөн Цагааннуурын боомтоор орон нутгийн иргэд визийн хөнгөлөлт буюу цагаан хуудсаар хил нэвтрэх асуудлаар хоёр талд маргаан үүсэх тохиолдолд ГХЯ-ын Консулын газарт тухай бүр мэдэгдэн шийдвэрлүүлж байх гэнэ. Монгол Улс хоёр аймгаар дамжин ОХУ, БНХАУ-тай хиллэдэг. Үүний нэг нь Баян-Өлгий аймаг. Тус аймагт хил орчмын худалдаа, наймаагаар амьдралаа залгуулдаг 500 гаруй айл өрх бий гэсэн судалгаа гарчээ. Мөн Монгол Улсаас Казахстаны иргэн болж гарсан иргэд буцаж ирэх хандлага нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээлгэх санал, хүсэлт иргэдээс гарчээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ