3800 гаруй иргэнийг ажлын байртай болгожээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс өнөөдөр “Иргэн баян бол улс баян” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Засаг даргын орлогч Т.Баясах, Хөдөлмөрийн яамны хэлтсийн дарга Д.Баттогтох, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Отгонцэцэг, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэд захирал З.Санжаа болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Уг уулзалт өдөрлөгийг ажилтай, орлоготой монгол хүний төлөө зохион байгуулан ажиллаж байгаагаа тус хэлтсийн дарга онцлон хэлж байсан. Түүнчлэн уулзалтад ирсэн жижиг дунд бизнес эрхлэгчид болон зочдод Хөдөлмөрийн хэлтсээс өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайлан, үр дүнгийн талаар танилцуулсан юм.
Тус хэлтсээс хэрэгжүүлж байгаа Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөрийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл зэрэг төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мөн дээрх төсөл хөтөлбөрт хамрагдаж хувийн бизнесээ өргөжүүлж байгаа иргэдийн бүтээлээр үзэсгэлэн худалдааг ч гаргасан байсан юм.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд Хөдөлмөрийн хэлтэс 3819 иргэнийг ажилд зуучлан 3814 хүнийг ажилтай болгожээ. Мэргэжлийн сургалтад 1070 хүнийг хамруулснаас 505 нь ажлын байртай болсон аж. Түүнчлэн “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд 9973 хүнийг хамруулан түр ажлын байраар хангажээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй 80 иргэнийг ажлын байртай болгосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ