
Авто тээврийн газрын Тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, техник технологийн хэлтсээс автомашины улсын дугаарын стандартыг хангуулах, шаардлага хангаагүйг хураан авах, дугаарын давхардлыг арилгах аян эхлүүлээд байна.
Аяны хүрээнд автомашины дугаар үйлдвэрлэж буй газруудыг шалгаж, Стандартчлал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс 2002 онд батлагдаж, 2003 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэгийн MNS 4410:2002 стандартыг хангаж байгаа эсэхийг хянаж байна. Мөн шугам замаар шалгалт хийж, автомашинуудын дугаарыг дээрх стандартын дагуу байгаа эсэхийг тодруулж байгаа аж.
Тээврийн хэрэгслээс стандартын бус дугаартай автомашин байвал хураан авч, анх үйлдвэрлэсэн газарт нь шилжүүлж үнэ төлбөргүй дахин гаргуулаад байна.
Улсын дугаарын тэмдэгийн үндсэн материал нь хөнгөн цагааны хайлш, зузаан нь 1.0-0.2 мм, будаг эсвэл гэрэл ойлгогч /цацруулагч/ материалаар хийсэн байж болно. Дугаарын тэмдэгийн үсэг, тоо, хүрээ нь тохирох хэмжээ, өнгийн бэлдэц дээр товойлгон хэвлэж, зохих өнгөөр ялгасан хийцтэй байх ёстой аж.
Мөн Олон улсын замын Венийн конвенцийн дагуу улсын дугаарын тэмдэг дээр улсын нэрийн товчлол MNG болон соёмбо гэх мэт ялгах тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэж болох юм.
Автомашин, мотоциклын улсын дугаар 3 үсэг, 4 тоо, трактор, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийнх 2 үсэг, 4 тооноос бүрдэнэ. Автомашин, трактор, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаарын ялгах үсэг нь тооны ард, харин мотоциклынх урд нь байна.
Бүх төрлийн автомашины улсын дугаарын тэмдгийн дэвсгэр нь цагаан, тоо үсэг, хүрээ нь хар өнгөтэй байж, УБ эсвэл УН + серийг заасан цагаан толгойн үсэг байна. Харин дипломат болон олон улсын байгууллага, тэдгээрийн ажилчдын тээврийн хэрэгслийн дугаарын тэмдэгийн дэвсгэр нь улаан, тоо, үсэг, хүрээ нь цагаан байж, ДК, ОУ тэмдэглэгээтэй байх аж.
Одоогоор 3000 орчим дугаар давхардсан дугаар байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Тиймээс эдгээр 3000 орчим давхардсан дугаарын тээврийн хэрэгслийг тодруулж, эзэмшигчид нь мэдэгдэн, хурааж аваад сольж өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ