А.Галтбаяр: МУИС оюутнууд, нийгмийнхээ эрх ашгийг юун түрүүнд эрхэмлэнэ

img

МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, бүтцийн өөрчлөлт хийхээр болсон билээ. Энэ асуудлаар МУИС-ийн захирал доктор А.Галтбаяртай ярилцлаа.

-МУИС-ийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарал татаад байна.  Яагаад гэнэт бүтцийн өөрчлөлт хийх болов?

-МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн асуудал гэнэт өнөөдөр гарч ирсэн шинэ асуудал огт биш юм.  Сүүлийн хэдэн жилийн турш хөтөлбөрийн давхардлыг арилгах, олон жижиг сургуулиудыг нэгтгэх нь зүйтэй гэсэн санаа сургуулийн удирдлага, багш нарын дунд ихээхэн яригдсан. Эдгээр асуудлаар манай сургуулийн эрдэмтэн багш нар тусгайлсан судалгаа хийсэн.  Үүнд, МУИС-д өнөөдөр тулгарч байгаа бэрхшээлээс гадна дэлхийн шилдэг сургуулиудын туршлагыг ч судалсан.  Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр удаа дараа хөндөгдөж байсан асуудлууд юм.  Энэ ажлыг хийх хугацаа нь хэдийнэ болсон гэж үзэж байна.

- МУИС-ийн одоогийн бүтцийн юу нь болохгүй байгаа юм бэ.  Яагаад ийнхүү өөрчлөх шаардлага байна гэж та үзэж байна?

- Манай сургууль одоогийн байдлаар 14 бүрэлдэхүүн сургууль, орон нутгийн 2 салбар сургууль, 100 гаран тэнхимээс бүрдэж байна.  Энэ бүтэц нь уламжлагдаж ирсэн бүтэц огт биш юм.  Хорин жилийн өмнө сургууль маань байгаль, нийгмийн ухаан, эдийн засгийн гээд цөөн хэдэн факультеттэй байсан.  Харин зах зээлийн тогтоцоонд шилжээд, төрөөс дээд боловсролыг санхүүгийн хувьд шууд дэмжихээ больсонтой, нөгөөтэйгүүр хөтөлбөрөөр элсүүлэх оюутны тоог хянадаг болсонтой холбоотой анги хөтөлбөрөө нэмэх, улам нарийсгах, орлогоо ийнхүү бүрдүүлэх шаардлагатай тулгарч аажмаар өнөөгийн энэ олон жижиг сургууль, тэнхимийн бүтэц бий болсон.  Энэ нь сургууль хүнд хэцүү үед амь зуух арга байсан болов уу.  Энд өмнөх удирдлагыг ч юм уу, ямар нэг хүмүүсийг буруутгах боломжгүй юм.  Эдийн засгийн нөхцөл байдал ийм байлаа.  Гэтэл өнөөгийн зах зээлийн хэрэгцээ, хүлээлт их өөр болсон байна. Дээд боловсролын чанарын тухай асуудал маш хурцаар тавигдаж байна.  Сургууль өнөөдөр оршин тогтнохын тулд өрсөлдөх чадвараа огцом сайжруулах ёстой болж байна.  Оюутанд өнөөдөр гадаадад суралцах эрх боломж нь нээлттэй болж.  Тиймээс бид бүр дэлхийн түвшинд өрсөлдөхөөс өөр аргагүй болж байна. Бидний бэлдсэн боловсон хүчин юуны түрүүнд энэ улсын соёлтой, боловсролтой иргэн болж төлөвших хэрэгтэй, мөн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангасан чадварыг эзэмшсэн байх ёстой.  Сургуулийн өнөөгийн хэт жижгэрсэн бүтэц энэ шаардлагад нийцэхгүй байна.

-Хэт жижгэрсэн гэдэг нь яг юуг хэлж байгаа юм бэ. Бүрэлдэхүүн сургуулиуд чинь тус тусдаа нилээд олон оюутантай, бүрэн оршин тогтнох боломжтой биш үү?

- Би энд хэдэн жишээ, тоо хэлье. Өнөөгийн байдлаар компьютерийн чиглэлээр л гэхэд Математик компьютерийн сургууль, Мэдээллийн технологийн сургууль, Физик электроникийн сургууль гээд 3 сургууль оюутан элсүүлж байна.  Хөтөлбөрийн давхардал энэ мэтчилэн сургуулийн хэмжээгээр нилээд их байна.  Сургуульд нийт 100-гаад тэнхим байна гэж дээр хэлсэн.  Нэг тэнхимд дунджаар 6 багш ногдож байна.  Бүр ганц хүнтэй тэнхим ч байна.  Тэр нь тэнхимийн эрхлэгч өөрөө. Жишиж хэлэхэд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын нэг тэнхим 30-40, түүнээс ч олон хүнтэй байна.  Энэ бүтэц олон дарга-багшийг бий болгохоос гадна, захиргааны орон тооны давхардал, үр ашиггүй байдлыг үүсгээд байна.  Чөдөр тушаа болсон, хэрэггүй зааг, хязгаарлалтууд их байна.

-Тэгвэл одоогийн тогтолцооны хамгийн том сул талыг та юу гэж харж байна вэ?

- Өнөөгийн тогтолцооны хамгийн том сул тал бол оюутанд олгож буй, тодруулж хэлбэл олгогдохгүй байгаа, сонголт гэж хэлж болно.  Өнөөдөр оюутан нэг сургуулийн нэг тэнхимийн хөтөлбөрт элсэж орж байна. Сургууль, тэнхимүүд хөтөлбөрийг өмчилдөг учир явцуу хүрээндээ оюутнуудаа хашиж аваад, өөрийн мэддэг зүйлээ хичээл болгож заах байдлаар сургалт явагдаж байна.  Их олон тохиолдолд оюутнууд мэдлэгээ 2-3 багшаас л авч байна.  Гэтэл их сургуулийн боловсрол ийм байх ёстой юу? Оюутанд үзэх хичээлээ, заалгах багшаа, цаашилбал мэргэших чиглэлээ ухамсартайгаар сонгох боломж бүрдээгүй байна. Мэргэжил, боловсрол гэдэг бол цаг нөхцөөж буй явдал биш. Үүнд бид хамгийн хариуцлагатай хандах ёстой.

-Шинэ бүтэц нь энэ байдлыг яаж засах вэ? 

-Удирдах зөвлөлөөс байгаль, нийгэм, хүмүүндэгийн ухааны чиглэлээр, мөн эрх зүй, бизнес, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр сургуулиудыг томсгон байгуулах удирдамж өгсөн. Бүтцийг ийнхүү томсгосноор оюутнууд нэр бүхий 3 багшид хүчээр шавь орохгүй.  Тэдний хувьд ерөнхий хөтөлбөрийн хүрээнд үзэх хичээлээ, заалгах багшаа сонгох боломжтой болно.  Тэд МУИС гэдэг эрдмийн уурхайн хаанаас ч өөрт хэрэгтэй мэдлэгээ шүүрч олох боломж бүрдэнэ. Багш нар өөрийн хичээлээ сонгуулахын тулд илүү сонирхолтой болгох, чанаржуулах шаардлага гарна. Бусадтайгаа өрсөлдөнө.  Хөтөлбөр хүний өмч байхаа болиод оюутанд чиглэнэ.  Зүйрлэж хэлбэл оюутан ТҮЦ-нээс бараагаа авдаг байсан бол одоо худалдааны том төв эсвэл супермаркетаас авах болж байна.

-  Оюутанд ашигтай давуу тал бий болох юм байна гэж ойлголоо.  Шинэчлэл хийхэд өөр ямар зорилго тавьж байгаа вэ.  Жишээлбэл, судалгаанд ахиц гарах уу?

-МУИС судалгааны их сургууль болно гэж хэтийн зорилгоо тодорхойлсон.  2013 оны байдлаар Томсон Ройтерсийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй нэр хүнд бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд Монгол улсын эрдэмтдийн хэвлүүлсэн нийт өгүүллийн 1/3-ийг МУИС-ийн багш судлаачид хэвлүүлж сургууль маань улсдаа тэргүүлж байна.  Энд шинэ мэдлэг үйлдвэрлэгдэж байна.  Шинэ бүтэц судалгаа, тэр дундаа салбар дамнасан судалгаанд түлхэц болно гэж үзэж  байна. Нээлттэй байх нь өөрөө судалгаанд ихээхэн түлхэц болдог.  МУИС-д байгаа 2 доктор тутмын 1 нь захиргааны ажил хийж байна ч гэж ярьдаг. Олон багш нар захиргааны ажлаас суларч сургалт, судалгаандаа шилжинэ шүү дээ.

Энэ өөрчлөлтийн бас нэг том зорилго бол энэ сургуулийн бүх нөөцийг үр ашигтай зарцуулах явдал юм.  Үүнд хүний нөөц, барилга, анги танхим, санхүүгийн бүх нөөц орно.  Та бүрэлдэхүүн сургуулиуд чинь тус тусдаа оршин тогтноод байгаа юм биш үү гэж асуусан. Үнэн. Бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд цалин нийт орлогын 78 хувийг эзэлж байна.  Өнөөгийн байдлаар “оршин тогтнох” төдий л байна.  Гэтэл энэ хангалттай биш.  Цаашид энэ сургууль өсөж дэвжих, хөгжих шаардлагатай. Жижгэрсэн бүтцээрээ, давхардсан хөтөлбөртэйгээ байвал бид нөөцийг үргэлжлүүлэн үр ашиг муутай зарцуулсан хэвээр байх болно. Өнөөгийн энэ бүтцэд бид хэмнэлт гаргаж эрдэм шинжилгээ, сургалтын орчныг сайжруулах, тэр тусмаа цалин нэмэх орон зай огт алга.  Хөтөлбөр, ангиуд томсож, захиргааны давхардал арилж, МУИС дотор бүх нөөц чөлөөтэй шилжих боломж бүрдсэн цагт бид хэмнэлтийн тухай ярих боломжтой болно.  Тэгэхээр шинэ тогтолцоо бол зөвхөн оюутан нь чөлөөтэй хөдөлж байдаг бус, мөн эрдэмтэн багш нар, тэдгээрийн судалгааны санаа, цаашилбал бусад нөөц нь мөн чөлөөтэй хөдөлж байдаг нээлттэй, үр ашигтай тогтолцоо болно гэж харж байна.

-Олон нийтийн хэвлэл мэдээллээр МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг эсэргүйцэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Ялангуяа багш нар бидний саналыг тусгаагүй шийдвэрийг тулгаж байна гэж ярьж байна. Энэ үнэн үү?

- Мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийг харж байгаа.  Өнгөрсөн баасан гарагт хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас бидэнд бүтцийн өөрчлөлтийг хийх ерөнхий чиглэлийг зааж өгсөн.  Үндсэн 3 заалттай тогтоол гарсан.  Энэ тогтоолын дагуу 35 эрдэмтэн багш нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллана.  Энэ ажлын хэсэг бүтэц зохион байгуулалтын шинэ саналыг 12-р сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд оруулна.  Шинэ бүтцийн саналыг боловсруулах явцад бид зайлшгүй эрдэмтэн багш нартайгаа зөвлөлдөнө, тэдний оролцоог хангана.  Мөн оюутнуудын оролцоог ч хангана.  Харин сургуулийн бүтцийн талаарх шийдвэрийг зөвхөн Удирдах зөвлөл гаргах хуулиар заагдсан онцгой эрхтэй байдгийг энд дурдая.

-Бүтцийн өөрчлөлт ихэнх тохиолдолд орон тооны цомхотгол дагуулдаг.  Багш нарын эсэргүүцэл ийм болгоомжлолтой холбоотой байж болох юм?

- МУИС-ийн хэмжээгээр жилээс жилд ихээхэн илүү цагийн ачаалал үүсдэгг. Энэ тоцооноос харахад бидэнд ойролцоогоор 50 орчим шинэ багш хэрэгтэй байна.  Сургууль жил бүр 10 гаруй шинэ багш авдаг.  Мөн жилдээ нилээд хэдэн шинэ ажилтан авдаг.  Цаашилбал хүмүүс тэтгэвэрт гарах, өөр ажилд шилжих, сургалтанд явах гэх мэт хүний нөөцийн хэвийн хөдөлгөөн явагдана.  Тэгэхээр багш нарын хувьд ажилгүй болох гэсэн эрсдэл тун бага юм.  Магадгүй бидний шинээр авах багш, ажилчдын тоо  цөөрөх байх.  Харин оюутанд сайн хөтөлбөр санал болгож, сайн хичээл зааж байж багш оюутантай, ажилтай болохоос өөр аргагүй болно.  Тиймээс багш нарт хичээлээ сайжруулах шаардлага гарна.  Манай сургууль олон сайн эрдэмтэн багштай. Тэдний сэтгэл санаанд энэ шинэчлэл бүрэн нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

- Бүтцийн шинэчлэлийг ямар хугацаанд хийж яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна? 

- Ажлын хэсэг шинэ саналаа боловсруулахдаа холбогдох тооцоо, судалгааг хийж, хэрэгжүүлэх хугацаа бүхий ажлын төлөвлөгөөг гаргаж Удирдах зөвлөлд танилцуулна.  Тэр үед хэрэгжилтийн талаар нарийн төлөвлөгөө гарах байх.  Миний хувьд зохион байгуулалтын бүх ажил ирэх хавар дуусч, ирэх хичээлийн жилд бид шинэ бүтцээрээ оюутнаа элсүүлэн авна гэж тооцож байна.

- Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотой БШУЯ-аас бодлогын өөрчлөлт хийх шаардлага байгаа юу.   Яам энэхүү шинэтгэлд хэрхэн хандаж байгаа вэ?

-  БШУЯ-аас чанартай боловсрол, ажлын байрны шаардлагыг хангасан боловсон хүчнийг л биднээс шаардаж байгаа.  Бидний хувьд чанарын ахиц гаргахын тулд энэхүү бүтцийн өөрчлөлтийг санаачилж байна. Энэ нь Засгийн газрын дээд боловсролын шинэчлэлийн бодлогын үндсэн зорилготой нийцнэ гэж үзэж байна.  Яамнаас бол мэдээж ийм өөрчлөлтийг ингэж хий гэсэн санал гаргаагүй. Энэ асуудал нь сургуулийн Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал юм.  Энэ шинэчлэлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд яамнаас элсэлтийн хяналтын тоог баталж өгөхдөө нарийн мэргэжлээр биш харин өргөн салбараар нь баталж өгөх хэрэгтэй байна.  Ингэж байж хөтөлбөрийн давхардал арилж, оюутны сонголт хангагдана.

-МУИС-ийн энэхүү өөрчлөлт нийгэмд ямар нэгэн нөлөө үзүүлнэ гэж та үзэж байна уу?

- Маш их эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.  Эцсийн бүлэгтээ энэхүү шинэчэлийн гол зорилго нь МУИС-ийг багш нартаа буюу өөрөө өөртөө үйлчилдэг байгууллагаас оюутнууддаа, ажил олгогчиддоо, нийгэмдээ, улс эх орондоо үйлчилдэг байгууллага болгон хувиргахад оршино.  Өнөөдөр энэ сургуулийн сургалт, ер нь хийж буй ихэнх үйл ажиллагаа дотогшоогоо чиглэсэн, захиргаа болон багш нарын эрх ашигт үйлчилж, тэдний зааж чадах зүйл нь заавал үзэх хичээл болж, тэдний мэддэг зүйл нь оюутанд боловсрол болон очиж байна. Бид зах зээл, гадаад ертөнцийн хүсч байгаа зүйлд бага анхаарал хандуулж ирж.  Цаашид ийм байх боломж нөхцөл байхгүй болсон.  Тэгэхээр энэ шинэчлэлээр бид өөрчлөгдөж, улмаар нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна.  

Б.Цэрэндэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн шүү:
mergejliin davhtslyg arilgaya. шутис инженерээ л , мубис багшаа л, муис судлаачаа бэлдье. муис багш бэлдээд яах юм бэ. муис төгсөөд ажлын байр олддоггүй мэргэжил нэлээд байдаг шүү. хэт зах зээл мөнгө бодож нээсэн ангиудаа алгуур хаах хэрэгтэй.
2013-11-12
багш:
хэт жижгэрсэн бүтэц гээд байх юм. сургуулиуд одоо бараг бүгд 1000 илүү оюутантай жар далаас дээш зарим нь 100 илүү багштай байгаа. үүнийг томсгох нь зөв үү. төсөв оюутны төлбөрөөр байгаа цагт хөнжлийнхөө хэрээр л ажиллах байх даа.
2013-11-12
пүрэв:
муис-ийн ректор галтбаярын зөв.муис-д өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй.амжилт хүсье.
2013-11-12
зочин:
туслах гэсэн ажилгүй нөхдүүдээ цомхтгож сайн багш нарынхаа цалинг сайн нэмээчээ
2013-11-12
galtbayart:
ene bag hiij chadah batalgaa baina uu? galtbayariin tv-geer yaj baigaa ni hunii amaar yarij b.gaa setgegdel torson. ta nart huviin ashig sonirhol baina uu? ta yamar surguuli togsson ve? tanii sursan surguulid matematikiin angi tuts shig baisanuu?
2013-11-11
bataa:
tiimee. uurchlult hiih tsag bolson.
2013-11-11
shinejlel heretei 100 huvi:
shinechleh heregtei, ulsiin 5 surguulid 20 hursen huniig l oruulj baimaar bna. hogjiltei orond bol tiim l bdag.manaih shig 17-18 nastai huuhduud oroood unendee tolovshoogui bdg, 1-2 kursiig bol tgeed l uchraa medehgui ongoroodog, neg bol bagshiin hii gsn ymiig hiigeed l nomiin amitan yavtsgaadag, choloot buteelch setgelgee baidaggui.uls mergejiltnee beltgej bgaa bol tusgai shalguur tavidag tusgai *rdlaga tavij hatuu deg juramtaigaar surgadag bh heregtei.
2013-11-11
хүн.:
зөв шүү. битгий эсэргүүцээд байгаарай.
2013-11-11
б.баттулга:
муис амьд үлдэхийн тул заавал шинэчлэгдэх ёстой. монголдоо л номер нэг гэсэн, байгаа байдалдаа ханачихсан сэтгэлгээнээсээ салах ёстой. үнэхээр монгол улсын хэмжээний том сургууль мөн л юм бол гадаад улс орнуудад монгол улсыг төлөөлдөг, нүүр царай нь байх ёстой. тиймээс хэсэг бүлэг нөхдийн эсэргүүцлээс эмээлгүй хийгээд л үзэх хэрэгтэй. тэртээ тэргүй алдах зүйл байхгүй юм чинь.
2013-11-11
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru k tamir46@yahoo.com
2013-11-11