Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим”-аа нээжээ
МУСТА, жүжигчин Г.Ундармаа өнгөрсөн бямба гаригт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд “Итгэлийн танхим”-аа нээжээ. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Г.Ундармаагийн гэр бүлийнхэн, ажлын хамт олон, найз нөхөд, уг төсөл дээр хамтран ажилласан байгууллага болон хувь хүмүүс оролцжээ. Энэ үеэр тус тасгийн эмч С.Алтансүх “Эмнэлгүүдэд өвчтөнг хүлээн авдаг хүлээн авах тасаг дэлхийн жишигт нийцсэн тусламжийг хүргэж чадсан боловч үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах тал дээр орчинг нь бүрдүүлж чадахгүй байсан. Харин Итгэлийн танхим гээд сайн үйлсийн аянг жүжигчин Ундармаа санаачилж үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэнд таатай орчинг бүрдүүлж өглөө. Бусад оронд байдаг сайхан орчинг бүрдүүлж өгсөнд бид баяртай байна” гэжээ. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа "Гадаадын өндөр хөгжилтэй оронд байдаг эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн орондоо хийж болдог гэдгийг Г.Ундармаа харуулж чадлаа" хэмээн талархснаа илэрхийлсэн байна.
“Итгэлийн танхим” төсөлд тус эмнэлгийн 220 ам метр талбай бүхий танхимуудыг нийт 88,9 сая төгрөгөөр шинэчилж, тохижуулжээ.
Дашрамд дуулгахад, жүжигчин Г.Ундармаа өөрийн цахим хуудсаараа уг төслөө хэрхэн нэрлэх талаар санал асуулга явуулж, ИТГЭЛ гэдэг үгийг оруулахыг хүссэн олон хүний саналаар ийнхүү “ИТГЭЛИЙН ТАНХИМ” нэртэйгээр төслөө хэрэгжүүлж эхэлсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ