МУИС-ийн багш, оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийнэ
МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригийн орой нэр бүхий 10 салбар сургуулиу татан буулгаж, оронд нь дөрвөн том сургууль байгуулах болсон билээ. Тэгвэл уг шийдвэрийг МУИС-ийн багш, ажилчид, оюутнууд эсэргүүцэж байгаа аж.
Энэ талаар МУИС-ын Багш нарын холбооноос тодруулахад “Бид Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа. Бүтцийн шинэчлэлийг хийхэд асар их цаг хугацаа шаардагдана. Бүхэл бүтэн 10 сургуулийг шууд татан буулгаж, нэгтгэж дөрвөн том сургууль байгуулж болохгүй. Энэ бүтцийн өөрчлөлтөөс болж олон мянган оюутнууд хохирно. Хэдийгээр биднээс өнгөрсөн жил энэ асуудлаар санал асуулга авч байсан боловч дийлэнх оюутан, багш нар эсэргүүцсэн. Хэрэв МУИС-ын Удирдах зөвлөл энэ шийдвэрээ эргэж харахгүй бол МУИС-ийн Үлйдвэрчний эвлэл, Оюутны холбоо, Багш нарын холбоо нэгдэж, эсэргүүцлийн жагсаал хийх болно” гэв.
Дашрамд дуулгахад, эсэргүүцлийн жагсаалаа төв сургуулийн гадна хийхээр бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ