Захчин түмний язгуур урлагийн наадам болж байна
Ховд аймгийн Зэрэг суманд өнөөдөр захчин түмний язгуур урлагийн наадам эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг наадамд тус аймгийн Зэрэг, Мөст, Манхан, Үенч зэрэг захчин ястан амьдардаг сумууд очиж оролцож байна. Уг наадам хоёр жил тутамд нэг удаа болдог бөгөөд энэ жилийн хувьд гурав дахь удаагаа болж байгаа аж. Наадамд дээрх сумдын 80 орчим захчин түмэн ардын болон богинын дуу, харилцаа дуу, бие биелгээ, захчин хувцас үзүүлбэр, хуур татлага зэрэг төрлөөр хоорондоо уралдаж байгаа юм байна. Наадам хоёр өдөр үргэлжлэх ажээ.
Дашрамд дуулгахад, захчин ястан нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлддэг байна. Захчингууд 1754 онд манжид эзлэгдэж Халхын Засагтхан аймгийн гүн Цэвдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байжээ. 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу 4 сум болгон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.
Манжийн ноёрхолын үед захчин хошуу дараах 4 сум болж байжээ. Үүнд: 1. Бичгийн мээрэнгийн сум /Ховд Манхан/ 2. Гүүж зангийн сум /Ховд Мөст/ 3. Балжинням захирагчийн сум /зэрэг Манханы хагас*/ 4. Жанцандоржийн сум буюу хойд сум /манхан/ Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр /Манхан/ төвлөрч байсан гэнэ.
Захчины нөгөө хошуу нь Гүний хошуу /Үенч/ болно. Энэ хошуу Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн Зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ. Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг. Захчин нь 16 тамгатай 30 орчим овог болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мөст сумнаа тархжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ