Өнөөдөр Дээд шүүх МИАТ-ийн хэргийг хэлэлцэнэ
“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, түүгээрээ ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд шүүнэ.
МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан билээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.
Мөн МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлан сүүлд шийдвэрлэж, цагаатгаад байгаа юм. Харин хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад хэрэгт холбогдсон МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ