“Ард түмэн Та-Хаан” үндэсний форум эхэллээ
“Ард түмэн Та-Хаан” үндэсний форум өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэлж байна. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус форумыг “Сахилга-хариуцлага” сэдвийн дор өрнүүлэх юм.
Өнгөрсөн жил иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж байсан. Харин энэ удаад төр, хувийн хэвшил болоод иргэний сахилга, хариуцлагыг сайжруулах, дээшлүүлэхэд юу хэрэгтэй, хэрхэн үр дүнд хүрэхийг тодорхойлох аж.
Форумд Шадар сайдын хүрээний агентлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Байнгын хорооны дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцох юм.
Төр бол ард түмний зарц. Харин ард түмэн бол ХААН гэдэг. Гэхдээ иргэд аливаа асуудлын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байж, бүгдэд ул суурьтай ханддаг, хариуцлагатай, сахилга баттай байх ёстой. Хамгийн гол нь хэлсэн үг, хариуцсан ажил, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай ханддаг байх нь улс орны хөгжлийн гол түлхүүр. Энэ нь иргэн бүрийг хариуцлагатай байж гэмээнэ хаан лугаа эрхээ бүрэн эдэлж чадна гэсэн үг юм.
Гэвч бид хийж буй ажил, хэн нэгэнд өгсөн амлалт, үүрэг даалгавартаа хариуцлагатай хандаж тэр бүр чаддаг бил үү. Ялангуяа УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүд, төрийн албан хаагчид, эрх мэдэл бүхий дарга албан тушаалтан, хууль, хяналтын байгууллагынхан, иргэнд үйлчлэгч үйлчилгээний байгуулага бас иргэн та өөрөө хариуцлагатай байж чаддаг уу.
Өдгөө төр иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн аль ч салбарт ажил үйлчилгээ эрх, үүргийн сахилга, хариуцлага ямар түвшинд байна вэ. Салбар бүрт амлалт, үйл ажиллагаа, эдийн засаг, төлөвлөгөөний биелэлт гээд байж болох ажил бүрт хариуцлагагүй хандсанаас үүдэлтэй учирсан хор хохирол өдий төдий бий. Хамгийн ойрын жишээ гэхэд буруу тооцоолж, хэт хөөрөгдсөнөөс үүдэлтэй 2013 оны төсөв, төсвийн алдагдал, “Жаст”, “Алтандорнод Монгол” зэрэг томоохонд тооцогдож, дуулиан, шуугиан тарьж байсан компаниудын ажилтан, удирдлагын сахилга, хариуцлагагүй байдлын улмаас дампуурч төр нийгэмд асар их хохирол учруулаад үүдээ хаасан жишээ олныг дурдаж болно.
Сахилга, хариуцлага гэгч чухам юу юм бэ. Ялангуяа иргэн танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд, амар тайван амьдрахад тань сахилгатай, хариуцлагатай байх нь ямар ач холбогдолтой юм бэ. Хариуцлага, сахилгатай иргэн, ажилтан, төрийн албан хаагч, улстөрч байхын тулд юу хийх ёстой тийм байснаар юунд хүрэх вэ. Энэ бүх асуултын хариулт ердөө л “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэсэн ардын зүйр үг юм. Тодруулбал, биеэ засч, гэрээ төвхнүүлсэн иргэн төрийг түүртэх юмгүй авч явна гэж үздэг. Энэ нь улс орны хөгжил, ирээдүй ёс зүйтэй, мэдлэгтэй, хариуцлагатай иргэн танаас шалтгаалдаг гэсэн үг.
Улаанбаатар хотын хүн ам 20 жилийн дотор нэг саяар нэмэгдсэн. Хүн амын тэлэлтийг дагасан нийгмийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлэн амьдрахын тулд хүн бүр сахилга, хариуцлагыг эрхэмлэх шаардлага тулгарч байна. Хотын соёл, цэвэр цэмцгэр орчин, тохилог амьдрал, соёлтой боловсон үйлчилгээ, мэдлэг, мэдээлэлтэй иргэд гээд энэ бүхнийг амьдрал дээр цогцлоон бүрдүүлж байж хүн сайн сайхан ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Тиймээс ХААН хэмээн өргөмжлөгдөөд байгаа Иргэн та хамгийн түрүүнд өөрийнхөө мэдлэг болоод дотоод сэтгэлийг, ажил үйлсдээ хандах хандлага, биелэлтдээ хариуцлагатай болох хэрэгтэй юм. Мөн иргэн бүр хариуцлагатай, өөрийн амьдралаа бусдаас хамааралгүй аваад явчихдаг байх нь чухал юм. Иргэн бүр ийм байж чадвал тухайн баг, хороо, сум дүүрэг хөгжинө. Цаашлаад аймаг, хот улс хөгжинө.
Ард түмнээ ХААН-д өргөмжилсөн улс хөгждөг гэдэг. Тэгвэл Монгол Улсын иргэн та хариуцлагатай, сахилга баттай ХААН байснаар айсуй хөгжлийг түргэтгэж, дэлхийд ёс суртахуун хийгээд амар тайван амьдралаар түүчээлэгч орны иргэн болох болно. Үүний эхлэлийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та Хаан-2013” уулзалт хэлэлцүүлэг тавьж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ