Алтайд тэмээний баяр болно

Энэхүү үйл ажиллагаа нь монголын үндэсний баялаг тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдын туршлагыг солилцуулах болон тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод, гадаадын зочид, жуулчдын сонирхлыг татах зорилгоор "Их говийн тэмээний баяр" наадмыг 2005 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулдаг байна.
Наадмын үеэр хурдан ат, торомны уралдаан, шилмэл ингэ, буур шалгаруулах, сайхан тэмээтэй хос тодруулж, тэмээчдийн буухиа тэмцээн болно. Мөн шилдэг сүү, сүүн болон ноосон бүтээгдэхүүн, эдлэл хэрэглэлүүдийг шалгаруулах аж. Тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалын тэмцээн зэрэг болох юм байна.
Говь-Алтай аймаг нь тэмээгээрээ Өмнөговь, Баянхонгорын дараа гуравдугаарт ордог аж. Дэлхий дээр 680 гаруй мянган хос бөхтэй тэмээ байгаагийн 270 мянга нь манай улсад байдаг байна. Гэхдээ энэ нь 1955 оныхтой харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт юм. Иймээс төрөөс тэмээний тоо толгойг өсгөх бодлогыг дэмжиж, Монгол мал хөтөлбөрт Тэмээ дэд хөтөлбөрийг багтаахаар ажиллаж байна гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ахлах мэргэжилтэн н.Ганхуяг хэлсэн. Энэ ажлын нэг хэсэг нь ирэх амралтын өдрүүдэд болох “Их говийн тэмээний баяр” гэдгийг ч онцолсон.
Жил бүр улсын сайн малчин шалгаруулахад нэгээс хоёрт нь тэмээ өсгөсөн малчин багтдаг байна. Мөн манай улс жил бүр 1,4 мянган тн тэмээний ноос авдаг. Энэ нь дэлхийд чухал бүтээгдэхүүн болдог учир Засгийн газраас урамшуулал олгож эхэлж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ