“Чингис хаан” дуурь тоглоно

img

Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан бүх нийтээрээ амарч байгаа билээ. Тэгвэл энэ өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 17:00 цагаас “Чингис хаан” дуурийг тоглох ажээ.

“Чингис хаан” дуурийн хөгжмийн зохиолчоор ажиллласан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шарав энэ дуурийнхаа тухай “Энэ дуурьт зөвхөн Их эзэн Чингис хааны тухай биш ер нь монголчуудын аж байдлын тухай өгүүлсэн. XIII зуунд монголчууд яаж амьдарч байсан юм. Ямар зөрчил, тэмцэл тэнд явагдаж байсан юм бэ гэдгийг үзүүлэх гэж хийсэн дуурь. Энэ дуурийн гол онцлог бол монголжуу бол уу гэж бодож байна. Чингис хааны тухай хийж, бүтээсэн хөгжмийн бүтээлүүд бол олонтаа бий. Гэхдээ дуурь гэвэл би Монголд болон дэлхийн өөр оронд Чингис хааны тухай хийсэн дуурь гэж лав сонсоогүй. Тэгэхээр Чингис хааны тухай анхны дуурь гэж бодож байгаа. Ер нь бол дуурь гэдэг өвөрмөц урлаг. Дуурь маань 20 гаруй дүртэй тэдгээр хүмүүс бүгдээрээ дуулна, бүжиглэнэ гээд нүсэр ажил байсан даа” хэмээн ярьдаг.

2005 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулснаар анх тайзнаа тоглож байсан “Чингис хаан” дуурийг энэ удаад гол дүрүүдэд нь шинэ залуу гоцлол дуучдыг оролцуулж, хувцас хэрэглэлийг бүрэн шинэчлэн тоглосноороо онцлог юм.

 Бага балчир насандаа өнчирч, бусдад басамжлагдан доромжлуулж, хэцүү бэрхийг үзсэн ч эх Өүлэн эхийн сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулсан суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны тухай өгүүлэх энэ дуурьт Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа тоглож байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ