Д.Түвшинжаргал: Би олимп, дэлхийгээс медаль хүртсэн бол хэзээ ч урлаг руу орохгүй байсан
МУГЖ, уртын дуучин Д.Түвшинжаргал гуайг төрсөн нутгийнхаа залуустай халуун яриа өрнүүлж байх үеэр уулзлаа. Тэрбээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шаргын голд малчин айлд төрж, хурга тугалын бэлчээрт дуулж, хурдан морины нуруун дээр гийнгоолж өсчээ. Энэ нь түүнийг уртын дуучин хэмээх алдар хүндийг ард түмнээсээ хүртэхэд нөлөөлсөн хамгийн чухал зүйл үздэг. Мөн түүнийг “Хүч” спорт хороонд самбо, жүдо бөхийн шигшээ багт 10 жил хичээллэсэн, улсын болон олон улсын тэмцээнд олон удаа амжилт гаргасан чамгүй сайн тамирчин гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ. Ингээд түүнтэй спортын дэвжээнээс урлагийн тайзнаа гарсан түүх болон уртын дуу, хувь хүнийх нь тухай хөөрөлдлөө.
1
-Та хэдэн онд “Хүч” нийгэмлэгт орсон бэ. Цэрэгт байхдаа л тус нийгэмлэгийн тамирчин болсон гэдэг?
-Би чинь хот мэдэхгүй шахуу хүн Баянхошууны 0119 дүгээр ангид цэрэгт татагдан ирж байлаа. Тэгээд 1974 онд 300 цэргийн барилдаанд түрүүлснээр карантинд яваагүй. Ангийн даргатайгаа хамт наадамд оролцоод ирэхэд манай карантинд явсан цэргүүд танигдахын аргагүй болчихоод ирсэн байж билээ. Тэр үед цэргийн дэглэм хатуу байж дээ. Харин би цэргийн форм бараг өмсөөгүй. Цэргийн ангийнхаа хөгжмийн тасагт байдаг байсан. 1975 онд “Хүч” нийгэмлэгийн тамирчин цэрэг болсон.
1
-Улсын шигшээ багт 10 жил хичээллэхдээ гурван удаа улсын аварга болсон ч олимп, дэлхийн тэмцээнд оролцоогүй нь ямар учиртай юм бол?
-Харин тийм, их сонин. Би улсын шигшээ багт 25 нас хүртлээ явсан. Ингэхдээ Москвагийн олимпийн жил буюу 1980 онд түрүүлсэн. Мөн Мадрид, Голландын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жил аварга болж байсан. Гэхдээ алинд нь ч яваагүй байгаа юм. Уг нь би Москвагийн олимпод явна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Архи дарс ууж бэлтгэл сургуулилт тасалдаггүй, зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөдөг байлаа. Миний оронд Ц.Дамдин явсан. Харин би олимп юм уу дэлхийгээс нэг хүрэл медаль л хүртсэн бол хэзээ ч урлаг руу орохгүй байсан.
1
-Ц.Дамдин гуай тус олимпоос мөнгөн медаль хүртсэн. Харин та би түүний оронд явсан бол гэж бодож байсан уу?
-Бодогдож байсан. Ер нь тэгээд хүний хувь зохиол л мэднэ шүү дээ. Н.Түвшинбаярыг олимпоос медаль авна гэж тооцоогүй байсан, түүн шиг. Үнэндээ тэнд Ц.Дамдин ЗХУ-ын бөх Н.Солодухиныг ялсан. Тэр хоёр тус бүр нэг “коко” үнэлгээ аваад байхад Япон шүүгч Н.Солодухиныг “шидо”-оор торгосон. Гэтэл оноог нь өлгөдөг орос нөхөр эсрэгээр нь нөгөө торгуулийн оноог Дамдиных болгоод өлгөчихсөн байхгүй юу. Ер нь Олимпийн аварга 1980 онд жүдогоор төрчихсөн. Одоо үүний бичлэг нь байдаг. Тухайн үед хэнд ч үзүүлэлгүй, 20 жил хав дарчихсан байсан.
1
-Таныг уртын дуучин “Жаахан шарга”-ын гэж олонд нэрлэгддэг гавьяат жүжигчин Лхамжав гуайн хараанд өртөж урлагтай холбогдох гараагаа эхэлсэн гэдэг. Энэ тухай. Та хоёр анх хэзээ хаана тааралдаж байв?
-Тухайн үеийн хамгийн агуу шинэ жил бол Спортын төв ордонд болдог “Тамирчдын шинэ жил” байлаа. Салбар бүрийн спортынхон урлагийн тоглолт үзүүлдэг. Гэтэл манай ээлж болоход самбо, жүдогийнхон намайг түлхчихсэн, би гараад хөгжим ч үгүй л уртын дуу дуулаад л, манайхан алга ташиж дахиулаад хөгжилтэй байж дээ. Оноо авах гэж л тэр шүү дээ. Харин УАДБЧ-ын Лхамжав гуай хэсэг хүмүүстэй хамт шинэ жилд очиж тоглолт хийдэг байсан байна лээ. Түүний дараа манай нутгийн Ч.Насантотох багш “Чамтай гавьяат жүжигчин Лхамжав гуай уулзъя гэж байна лээ” гэхээр нь бэлтгэл рүүгээ явах замдаа цүнхээ үүрээд л очсон. Урлагт сонирхолтой юу гэж асуухад нь тиймээ л гэлгүй яахав. Тэгээд дуулуулж үзээд чи хэдэн төгрөгийн цалин авдаг юм гэхэд нь 550 гэсэн чинь чи 300 төгрөгийн цалин аваад дуучин болох уу гэж асуухаар нь “үгүй” л гэсэн. Тэр үед чинь 24 настай ид үедээ тамирчин байлгүй яахав. Түүнээс дараахан 60-аад орон орсон олон улсын тэмцээнд жүдогоороо Унгар яваад мөнгөн медальтай ирсэн. Энэ тэмцээний дараа бид нарыг амраасан. Тэгээд нутаг яваад ирэхэд нөгөө Лхамжав гуай, хамаатны ахтай маань цуг айраг уухаар манайд ирсэн. Юм гэдэг цаанаасаа л учиртай байдаг юм шиг байгаа юм. Дахиад намайг дуудсан юм. Тэгэхэд Батсайхан морин хуурчийг дуудсан байсан. Би ч өнгө зэргийг мэдэхгүй хөрөөдөнгүүт нь л дуулчихсан чинь ёстой нэг “зэрлэг” хүн юм гээд инээлдэцгээгээд л. Тухайн үед “Хүч” нийгэмлэг НАХЯ-нд харьяалагддаг сайд нь Б.Дэжид генерал, харин Соёлын яамны сайдаар Сумьяа гуай байсан. Тэд хоорондоо ярилцаад намайг чуулгад авчихсан байж билээ. Ингээд би 450 төгрөгийн цалинтай дуучны ажилд орсон доо.
1
-Дэвжээ, тайз хоёрын ялгаа юу байв?
-Би 17 настай байхдаа ганцхан медаль авч үзэх юмсан гэж боддог байсан. Тэгээд 1977 онд Залуучуудын аваргад ороод алт авсан. Анх чуулгад ороод “Ая дууны найман эгшиг” тоглолтод оролцож тайзан дээр гарсан. Надад ногоон өнгөтэй, франц хилэнгээр дээл хийж өгөөд, хэт хутга зүүлгээд л тайзан дээр гарч “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж байлаа. Дэвжээ чинь бас л тайз шүү дээ.
1
-Спортоор нэлээн амжилт үзүүлчихээд, урлагт дагалдангаас эхлэхдээ шантарч байв уу?
-Норовоо багш, Түмэндэмбэрэл, Дорждэрэм, Цэцэгээ гээд дандаа гавьяат эгч нартай баруун, зүүн аймгуудаар тоглолтоор явсан. Би тэдний дээлийг зөөнө. Уг нь спортод бол дүү нар хувцастай цүнх үүрээд л гүйдэг байлаа. Тоглолтод бичигдэхгүй. Дуучдын дээл зөөгчөөр орсон юм шиг санагдаад больё гэж бодоод багшдаа хэлж үзсэн. Гоцлол дуучин болж байж тоглолтод орох ёстой. Би бүр гутарч байсан шүү.
1
-Гутралаас хэрхэн гарч, уртын дуунд ингэтлээ их хайртай болов?
-Аз тохиосон. Дэлхийн ардын урлагийн төв Францад байдаг. Тэндээс нэг хүн ирж манай дуучдаас Францад тоглох хүмүүсийг сонгохоор болсон. Чуулга найман дуучинтай би нэмэгдээд ес. Гэтэл Банзрагч, Самбуу хоёр бас дуулж шалгуулахаар болоод 11 хүнээс тэр хүн шар, ногоон дээлтэй хоёр хүнийг сонгоё гэсэн байгаа юм. тэр нь Нэргүй бид хоёр. Ингээд гадаад явсан урлагаар гадаад явах үнэн “ганган” бүх зүйл өөрийн хүсснээр. Тамирчид гадаад явах хэцүү, очиж идэх уух нь хориотой, нэг байшинд хэвтчихнэ. Жин хасаж байгаа юм чинь. Тэмцээндээ оролцож, медаль авч бөөн ус залгилаад хавагнасан нүүртэй юм онгоцондоо сугаад ирж байгаа байхгүй. Тэр тоглолтоор уртын дууг гадаадынхан хэрхэн хүлээж авч байгааг хараад үнэхээр нандин зүйл гэдгийг мэдэрсэн. Тэнд чинь начигнатал алга ташаад л харин манайхан ойлгодоггүй, ганц хоёр удаа алга таших нь муу дуулчихсан юм болов уу гэж бодогдмоор.
1
-Та багшаа болоод анх сурч байсан дуугаа дурсвал?
-Норовоо багшийн багш Дорждагва гээд алдарт уртын дуучны гэрт нь очиж дуу заалгаж байсан. Тэр үед багш маань 82 настай байсан. 25 жилийн чинь хоол гээд надад таван дуу зааж өгч байлаа. Тэр үед би 50-ыг сурах юм чинь гэж бодсон. Гэтэл амьдрал дээр багшийн хэлсэн шиг л байдаг юм байна. Багшийнхаа зааж өгсөн “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу хоёрын шувууны дуу”, “Эр бор харцага”-аар би 33 жил хоолоо олж идэж явна шүү дээ. Айлд очоод, тайзан дээр гараад тавууланг нь дуулалтай биш. Миний багш “хүнийг хайрла, тэгэхээр чамайг хайрлах болно. Бусдыг дээд, доод гэж ялгаж үзэж болохгүй гэдэг байсан. Харин спортын багш гавьяат дасгалжуулагч, хурандаа н.Гэлэг маань өөрийгөө ялж чадвал өрсөлдөгчөө ялна гэдэг үгээр сургасан.
1
-Та шавь нартаа юу гэж сургадаг вэ?
-Өөрийгөө тань, үсээ ширхэглэн тань л гэж хэлдэг дээ. Хүнд өөрийгөө танихаас өөр зам байхгүй. Хүн сайхан санаа, зөв шийдэлтэй явахад болдог л юм байна. Би шавь нар, хүүхдүүддээ эхлээд мөнгө тэгээд машин, байшин гээд л баахан юм битгий бод. Аливаа нэг юманд өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө, замаа олчихсон нөхцөлд энийг аваач гээд нөгөө мөнгө, байшин, машин араас чинь гуйж байдаг гэдэг юм.
1
-Гарын шавь бэлдэж байна уу?
-Гарын шавийн хувьд 20-иодтой болж байна. Эднээс гайгүй дуучин гарч ирнэ ээ. Тэр их том тогоо руу ямартай ч нэг шанага бариулаад оруулчихаж байгаа юм. Хэдий хэмжээгээр хутгах нь тэднээс шалтгаална. 1000 багш бэлдэхийн тулд төдий тооны хүүхэд сургаад л бүгд багш болоод гараад ирнэ. Харин уртын дуучин бол тийм биш төдий чинээ хүнээс хоёр л дуучин болдог. Байгалиасаа заяасан нэг юм байна. Ер нь манай Соёл урлагийн бодлого замаа алдчихсан байна ш дээ, баахан л юм төгсгөөд байдаг ганц дуурийн театртай байж. Тэднийг одоо юу хий гэж байгаа юм бүү мэд.
1
-Монголын бахархалыг дэлхийд өртөөлж байгаа хүний хувьд бахархах омогших тохиолдлууд олон байсан байх. Түүнийхээ онцгойгоос хуваалцвал?
-Спортоор хичээллэж байхдаа олимп л явж үзье, ялсан, ялагдсан хамаагүй гэж боддог, үзэж чадаагүйдээ их гутарч байсан. Гэтэл би урлагаар өвөл, зуных хоёуланг нь үзлээ. Бээжингийн зуны олимп, Канадын Ванкуверын өвлийн олимпийн урлагийн тоглолтыг нээсэн. Сая амбан захирагч нь ирэхдээ надад алтан медаль өглөө шүү дээ. Спортоор явсан бол өвлийн цагаан олимп мөн үзэж харагдаач, явбал муу жүдогоороо л явна шүү дээ/инээв/.
1-Уртын дууны гайхамшигт чанар нь юундаа байна вэ?
-Би 33 жил дуулж явна. Бэсрэг, суман, айзам дуу гэж гурав хуваагддаг. Хуваагдаж байгаа. Бэсрэг дуу бол морь унаж яваа мэдрэмж. Тухайлбал, Эрдэнэ засгийн унага Эрвэлзүүлэнхэн жороо Элст манхан нутагтай Эмгэн буурал ээжтэй шүү гэхээр уул ус нь харагдаад, бодитойгоор харагдаж байгаа биз дээ. Ингээд зүрхнээс гарсан юм чинь мөнх болчихож байгаа юм. Зүрхнээс зүрхэнд очиж байгаа айзам уртын дуу бол чанадын чанадаас ирсэн аялгуу. Хүн зохиохын аргагүй. Мөрдорж, Гончигсумлаа, Жанцанноров гээд ари романс, дуурь бичсэн хөгжмийн зохиолчдод ганц ч уртын дуу байхгүй л байна.
1
-Орчин үед уртын дууг зохиох боломж бий юу?
-“Хэрлэн баян улаан”, “Алтан говийн унага” гэх бэсрэг уртын дуунууд байна, сүүлийн үед зохиогдсон. Айзам дууг зохиоход хэцүү л дээ. Гэхдээ зохиох хүн гарч ирнэ л дээ. Одооны хүмүүс монгол үгээ мэдэхээ байчихсан. Дуртмал гэхээр ойлгохгүй, тунамал эгүүлэшгүй гэхээр бүр мэдэхгүй ингэхээр чинь хэцүү болчихсон байгаа биз дээ. Монгол хэл, бичгээ авч явах хүмүүс бол бид нар. Их л олон орноор явахад манайх шиг мал нь өвсөө иддэг, өвс идсэнийг нь бид идэж, сүүг уудаг орон байхгүй. Махыг нь хичнээн зажлаад манайх шиг биш, нутагтаа очиж нэг сайхан хавирга идэх юмсан л гэж бодогдож байгаа юм чинь /инээв/. Гэхдээ өнөөдөр уртын дууг дэлхий сонсох гэж байна. Бид байгаль дэлхийгээ хайрлаж, монгол орноо таних хэрэгтэй.
1
-Та уртын дуунаас гадна богины дуу дуулдаг уу?
-Багш маань чи уртын дуучин болох гэж байгаа бол богино дуу битгий дуулаарай гэж байсан. Энэ чинь амьсгааны урлаг. Би өөр дуу дуулдаггүй. Уртын дуу гэдэг хязгааргүй. Уртын дуучин гэдэг нэрийг ард түмэн л өгсөн болохоос би уртын дуучин болж амжаагүй байна. Бидний үед чинь тэр зурагт ч байдаггүй байлаа. Адарсүрэн, Банзрагч, Нансалмаа нарыг бригадаар явахад сүйд болдог. Н.Норовбанзад багшийг нэг айл цай уу гээд оруулчихвал бүтэн жил тэр голоор нэг яригддаг байв. Тийм л гоё үе. Харин одоо бол бүгд өдөр болгон “марлайтал” зурагтаар гараад би дуучин болохоосоо өмнө гээд ярьж байгаа хүүхдүүдийг хараад бүр ичиж үхэх юм. Би чинь Банзрагч гэдэг хүнийг амьдаар нь харах юмсан гэж хонь хариулж явахдаа л боддог байлаа шүү дээ.
1
-Энэ цагийн хамгийн мундаг уртын дуучныг нэрлэвэл?
-Мундаг гэж хэлж болохгүй л дээ. Би одоо судалж байна өөрийгөө ч бас. Ер нь өөдтэй юм алга. Уртын дуучид ингэж хэлэхээр уурлах л байх даа. Гэхдээ “би” гэсэн хүн алга дандаа дуураймал болчихоод байна. Дорждагва багшийн 300 гаруй дуу, Норовоо багшийн 140-150-иад дууг л дуулж байна. Яг тэр хүн яаж дуулсан байна түүнийг нь сонсоод дуурайгаад.
1
-Таны амьдралдаа бий болгосон хамгийн том бүтээл юу вэ?
-Гурван хүүхэд бүтээж, энэ хамгийн том бүтээл/инээв/. Бага хүү Т.Энхбат гэж Ленинградын Консерватурыг ирэх жил төгсөнө. Нэг охин Хөгжим бүжигт сурдаг, хоёр жилийн дараа төгсөнө. Баясгалан байна. Дандаа дуучин. Тэгээд хэдэн сайхан шавь нар минь байна.
1
-Та жинхэнэ эр хүн мөн үү. Таны бодлоор ямар хүнийг хэлэх бол?
-Би биш ээ. Мөр-Ренчин аварга, Сайн ноён хан Намнансүрэн гуай хоёрыг жинхэнэ эр хүн байсан гэж боддог. Хэн ч эр хүн байж чадна. Жинхэнэ эр хүн өөрийгөө таньсан, болох болохгүй мэддэг. Түүний бүх зүйл ил юм шиг мөртлөө далд, далд мэт боловч ил байдаг.
1
-Спортоор хичээллэж байна уу?
-Зав олдохгүй юм. Үеийнхээ хэдэн юмтай түшилцээд байж байх сайхан шүү дээ. Нэг их хөл гараа хугалчих гээд ноцолдоод байхгүй. Одоо энэ муу яс чинь хачин болчихсон байгаа шүү дээ.
1
-Та түүхэн ном их уншдаг юм шиг санагдлаа?
-Тийм. Түүхээ уншиж, судлах ёстой. Гэхдээ яг уншсанаараа ойлгоод байж болохгүй. Хэрэгтэйг нь авч, хэрэггүйг гээдэг байх хэрэгтэй.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ