УИХ-ын гишүүн М.Зоригт Ж.Батзанданг “зэмлэв”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-аар 2014 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалга гаргасан тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн билээ. Тэрбээр уг хэвлэлийн хурлаараа төсөвтэй холбоотой таван асуудлаар уриалга гаргасан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Зоригт түүний хэвлэлийн хурлын мэдээг өөрийн цахим хуудаснаа хуулж тавиад “Худлаа ярьсан байна. Хуралдаа суу” хэмээн зэмлэнгүй бичжээ.
Учир нь УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурлын үеэрээ “Монгол Улсын гадаад, дотоод өр хэмжээнээсээ хэтэрчихээд байхад УИХ-ын зарим гишүүн өр нэмэх талаар ярьж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээг хэтрүүлэхгүй байх, 2014 оны Төсвийн тухай хуулийг алдагдалгүй батлахыг уриалж байна. Мөн төсвөөс гадуурх мөнгөний урсгалыг зогсоох, нэг улс нэг төсөвтэй байх зарчмыг баримтлах, эдийн засаг хүндрэлтэй байгаа ч 2014 онд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсвийг хасахгүй байх, өрх гэрт суурилсан хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг энэ намрын чуулганаар яаралтай баталж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгах, төсвийг захиран зарцуулахтай холбоотой авлига, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ