Жоншны салбарын зөвлөгөөн болно
Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооноос энэ маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ны 14.00 цагт салбарынхны хамарсан зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ.
“Жоншны салбарын тулгамдсан асуудал, гарах гарц” сэдэвт уг зөвлөгөөнөөр тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн жонш олборлогч экспортлогчдын холбоо цаашид хүндрэлтэй байдлаас гарах чиглэл, стратеги төлөвлөгөө боловсруулан холбогдох яам, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар хэлэлцэх аж.
Дашрамд дуулгахад, манай улсад 15.1 мянган га талбай бүхий 154 жоншны ашиглалтын тусгай зөвшөөрлийг 132 аж ахуйн нэгж эзэмшиж, үүнээс 50 орчим аж ахуйн нэгж олборлолт, баяжуулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Гэвч сүүлийн жилүүдэд хууль эрх зүй, татварын орчин, гадаад зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, үнэ зэрэг дотоод, гадаадын хүчин зүйлүүдээс шалтгаалан жоншны салбар туйлын хүнд байдалд орсон гэж салбарынхан дүгнэж байгаа аж. Жоншны салбарт үүссэн энэхүү хүндрэл бэрхшээл нь аж ахуйн нэгж, компаниуд дампуурах, уурхайчид ажилгүй болох, уул уурхайг дагаж хөгжсөн хот суурин газруудын иргэдийн амьдрал хүндрэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого тасрахад хүргэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ