Шар хантаазтан 16 хос зэрэг хуримлалаа
Өчигдөр буюу энэ сарын 28-нд Гэрлэх ёслолын ордонд нийслэлийн 9 дүүргийн ТҮК-ийн 16 хос зэрэг хуримаа хийлээ. Уг арга хэмжээг Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд гэрлэх ёслолын бүх үйл ажиллагааг үнэ төлбөргүй хийсэн юм. Хэдийгээр эдгээр хосуудийн ихэнх нь гэрлэлтээ батлуулаад 4-26 жилийг үдсэн хэдий ч амьдралын боломж, бололцоогүйгээс хуримаа хийгээгүй байжээ.
Хуримын үеэр Гэрлэх ёслолын ордоны дарга С.Үүрийнтуяагаас энэхүү арга хэмжээний талаар тодрууллаа.
-Өнөөдөр ТҮК-ийн 16 хос хуримаа хийж байгаа юм байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа хосуудаа хэрхэн сонгож авсан бэ?
-Манай Гэрлэх ёслолын ордон Нийслэлийн 374 ойг тохиолдуулан “Нийслэлийн иргэн” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна. Уг өдөрлөгийн хүрээнд гэрлэлтээ батлуулсан боловч, хуримаа хийлгүй олон жил бие биедээ үнэнчээр амьдарсан хосуудыг сонгож, өнөөдөр хуримыг нь хийж байна. ТҮК-ийн ажилчид бол хоёр нарны хооронд нийслэлчүүд биднийг хоггүй, ая тухтай орчныг бүрдүүлдэг. Тиймээс тэднийг урамшуулж, хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
-Нийслэлийн хэдэн дүүргийн ТҮК-ийн ажилчдыг хамруулсан бэ?
-Нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээс тус бүр хоёр хосыг хамруулсан. Харин нийслэлийн зургаан дүүргээс 1-2 хосыг хуримлуулж байна. Энэ ажил маань жил бүр уламжлал болгон явагдана.
-Хосуудаас хамгийн ахмад нь хэдэн жил амьдарсан хүмүүс байна вэ?
-Хосуудын дийлэнх нь 10-20 жил хамтдаа амьдарсан хүмүүс байна. Тэднээс хамгийн ахмад нь 26 жил тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбон 6 хүүхэд, 4 ач зээтэй гэр бүл байна. Харин хамгийн залуу нь дөрвөн жил хамтдаа амьдарсан 1990 оны залуус байгаа.
-Хуримын зардалыг хаанаас гаргаж байгаа вэ? -Бүх зардлыг манай Гэрлэх ёслолын ордон гаргаж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд хуримаа хийж байгаа ТҮК-ийн ажилтнууддаа хуримын хувцасаар үйлчилсэн. Мөн тэдэнд зориулж босоо хүлээн авалт зохион байгуулж байна” гэв.Энэ үеэр хуримлагч хосуудаас хамгийн залуу хос болох Г.Гомбодорж, А.Цэвэлмаа нараас сэтгэгдлийг нь сонслоо. Тэд “Өнөөдөр сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Бид хоёр Баганхангай дүүргийн ТҮК-д туслах ажилтан хийдэг. Гэрлэлтээ батлуулаад гурван жил болсон ч хуримаа хийж амжаагүй байсан. Бидний хамтын амьдралд сайн сайхныг хүсэж, хуримыг маань хийлгэсэн нийт хамт олондоо баярлалаа” гэсэн юм.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ