“Хойч үедээ өвөө үлдээцгээе” өдөрлөг болно

Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил Юнескогийн Монголын үндэсний комисс, Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Хойч үедээ өвөө үлдээцгээе” сэдэвт өдөрлөгийг өнөөдөр 10:00 цагт тус төвийн байранд зохион байгуулна. Тус үйл ажиллагаанд УГЗ, баримтат киноны найруулагч Ж.Норолхоо, найруулагч Д.Цэнддорж нар энэхүү өдөрлөгт оролцож оюутнуудтай нээлттэй ярилцлага өрнүүлнэ. Мөн Ж.Норолхоогийн найруулсан, 1999 онд бүтээгдсэн “Санжаасүрэнгийн Зориг” 3 бүлэг баримтат кино болон 1938 онд бүтээгдсэн манай улсын анхны баримтат /дуугүй/ кино болох “Эдүгээ Монгол” зэрэг киног өдөрлөгт оролцогчдод үзүүлж сонирхуулахаас гадна дуу, дүрс бичлэгийн өвийн ач холбогдлыг илтгэх түүхэн баримтуудын үзэсгэлэн гарах аж.
ҮТА-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд одоогоор манай улсын төдийгүй хүн төрөлхтний түүхийн ховор нандин баримт болох 212 нэрийн уран сайхны кино, 1009 нэрийн баримтат кино, 1000 гаруй кино мэдээ болон 60 мянга гаруй гэрэл зураг, пянз, соронзон хальс зэрэг нийт 14 нэрийн 2886 хадгаламжийн нэгж дуу авианы баримт хадгалагдаж байдаг байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ