У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалиа ихэрлүүлэв
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдрөөс эхэлж байна. 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая мөнгөн медалийн төлөө тулалдлаа. Тэрбээр Кубын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт, 2009 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальтай Ясниер Толедо Лопезтой тоглож, ялагдлаа.
1
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялж, улмаар Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Харин өнгөрсөн лхагва гаригт Узбекистаны боксчин Санжарбек Рахмановыг 3:0 харьцаатай хожсоноор хүрэл медалийн болзол хангаад байсан юм.
1
Монголын боксын холбооноос У.Мөнх-Эрдэнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй оронд нь энэ жинд улсын аварга болсон З.Энхзоригийг явуулна хэмээж байсан хэдий ч У.Мөнх-Эрдэнэ халз тулаанд З.Энхзоригийг ялснаар ийнхүү ДАШТ-нд оролцсон билээ. Улмаар ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон долоон тамирчнаас ганцаараа медаль хүртэж, дэлхийн аваргын медалиа ихэрлүүлээд /2009 онд Бакугийн дэлхийн аваргаас хүрэл медаль/байна.
1
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ