Төлөвлөгөөт барилгын 90 хувийг энэ онд хүлээлгэж өгнө

img

БШУЯ-ны барилга захиалагчийн албаныхан өнгөрсөн өдрүүдэд Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад ажиллаж нийтдээ таван барилга хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын багачууд л гэхэд өмнө нь гадаа бие засах өрөөтэй хувинд нүүр гараа угаадаг байжээ. Харин одоо орчин үеийн шийдэл бүхий суултуурт бие засаж, халуун устай тосгуурт гар нүүрээ угаах боломж бүрдлээ. Мөн Төв аймгийн Жаргалант сумын сургууль шинэ дотуур байртай болсон байна. Тус сургуульд 2013-2014 оны хичээлийн жилд 1100 орчим  хүүхэд суралцаж байна. Эдгээрээс  дотуур байранд  150  орчим хүүхэд амьдарч байна. Одоогийн ашиглагдаж байгаа дотуур байр нь 1964 онд  52 ортойгоор ашиглалтад  орж байжээ.  50 ортой дотуур  байр  625 сая төгрөгөөр баригджээ.

БШУ-ны яам энэ жил цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал, шинжлэх ухааны зориулалттай нийт 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 11 дүгээр сард 20 орчим барилга ашиглалтад оруулснаар нийт өгөх ёстой барилгынхаа 90 хувийг  ондоо багтаан ашиглалтад өгөх боломж бүрдэх аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ