О.Баасанхүү: "Монгол газар" компани хууль бусаар алт олборлосон байна
УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийнхэн ажлаа эхлээд сар гаруй болж байна. Уг ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү алтны уурхайнуудад шалгалт хийжээ.
Уг шалгалтаар “Монгол газар” компани бичиг баримт хуурамчаар үйлдэж, нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлосон болох нь тогтоогдсон байна. Тиймээс тус компанийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ярихдаа “Алт гэдэг бол монголын бүх ард түмний өмч, Төрийн хамгаалалтад байх зүйл. Гэтэл сүүлийн үед зарим алтны компаниуд арга заль хэрэглэж, хуурамчаар бичиг баримт үйлдэж алт борлуулдаг болсон байна. Энэ нь хууль бус үйлдэл мөн. Үүнийг шалгахгүй байгаа хуулийн байгууллагын алдаанаас болж, манай улс сүйрч байна гэж хэлмээр байна. “Монгол газар” компанийн хувьд Байгаль орчны яамнаас нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөөг баталсан юм билээ. Гэтэл тухайн компани нөхөн сэргээлтийн хажуугаар алт олборлоно гэсэн зүйл заалтыг гэрээндээ заасан байсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж, тогтоох хэрэгтэй” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ