Х.Тэмүүжин: Өөрийнхөө буруутай үйлдлийг хаацайлах гэж хохирогчийн дүрд тоглох явдал байна
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан билээ. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагынхан нууцлах ихээхэн оролдож байгаа юм.
Харин хохирогч О саяхан хэвлэлүүдэд захидал бичиж “Тусгай ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Энхцогт, тусгай хэлтсийн дэд дарга, дэд хурандаа Батцагаан нар намайг бүлэглэн зодох үедээ төмөр турбагаар ар дагз руу цохин ухаан алдуулсанаас болж зүүн нүдний доод чамархайны яс хугарч, цус харвасан, нүдэнд цус харвалт өгч хараа бүрэлзэж, юм харахгүй болсон, хамарны яс дотогшоо хугарч цөмөрсний улмаас мэс засал хийлгэсэн. Баруун нүдний доод зовхи сэтэрч гурван оёдол, чихэнд сэтрэлт үүссэн тул таван оёдол тавиулж, баруун хоёр хавирга хугарсан. Миний бие Тусгай ажиллагааны хэлтэст 13 жил ажиллаж, Монголын цагдаа, хүчний байгууллагын залуусыг ур чадвар, хичээл сургуулилтаар сайн байж, эвсэг сэтгэлээр ажиллуулах гэж хичээж ирсэн боловч цаашид ажиллах боломжгүй боллоо” хэмээсэн билээ.
Энэ асуудлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс лавлахад “Хэргийг аль эрт лавласан, энэ асуудлыг нарийвчлан шалгаж байна. Өөрийнхөө буруутай үйлдлийг зөв болгох гэж хэвлэлээр хохирогчийн дүрд тоглох явдал ч бас байна аа” гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЦЕГ-ын Тусгай хэлтсийн даргаар томилогдсон дэд хурандаа Алтанбагана нь саяхан ахлах дэслэгч цолтой байсан бөгөөд богино хугацаанд хэд хэдэн цол алгасан ахлах офицер болсон нь хохирогч О-гийн дургүйг хүргэсэн байх магадлалтай гэнэ. Учир нь Алтанбагана нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүн төдийгүй болохоороо ажилтнуудтайгаа зүй бусаар харилцахдаа ч айдаггүй гэдгийг ЦЕГ-ын ажилтнууд жиг жуг хэлцдэг.
Ямартаа ч, уг асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ