Намын бүлгүүдээс цалин тэтгэвэрийг нэмэхийг шаардлаа
МҮЭХ-ныхон өнөөдөр энэ сарын 15-нд УИХ-д суудалтай намуудын бүлгийн дарга нарт цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагад “МҮЭ-ийн холбоо болон салбар, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны удирдлагууд сүүлийн нэг сарын хугацаанд Улаанбаатар хот,хөдөө орон нутагт ажиллаж иргэд, хөдөлмөрчдийн амьдралтай газар дээр нь очиж танилцахад цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2012 онд жилийн эцсийн инфляцийнтүвшин 14 хувь, 2013 оны 9 дүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байна. Мөнэдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3 хувийн өсөлттэй гэж зарлаад байна. Гэвч амьдрал дээр эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт хүрч амьдралд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, хүний амьдралын наад захын хэрэгцээ болсон өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас, орон байр, үйлчилгээний үнэ тариф өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн 3.2-т “Цалин хөлсийг инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ. Тухайн жилийн улсын төсөв батлагдахаас өмнө нийгмийн зөвшлийн талууд нэгдсэн саналаа УИХ-д хүргүүлнэ”, 5.2-т “Тэтгэвэр, тэтгэмжийг үнэ ханшны өсөлтөөс хоцроохгүйгээр нэмэгдүүлэх талаар талуудын нэгдсэн саналыг жил бүрийн улсын төсөв батлагдахаас өмнө Улсын Их хуралд хүргүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх замаар МҮЭ-ийн холбооноос санал гаргасаны дагуу гурван талт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.
Тиймээс МҮЭ-ийн холбоо нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн 3.2, 5.2 дахь заалтын дагуу цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг 2012, 2013 оны инфляцийн нийлбэр, эдийн засгийн өсөлтийг хамтад нь харгалзан үзэж нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Иймд УИХ-аар 2013 оны Улсын төсвийн тодотгол, 2014 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэхэд намын бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ” хэмээн бичжээ.

6
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ