“Энэ ТҮЦ-ийг эндээс зайлуулж өгөөч” гэдэг гэв
"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр ТҮЦ-ийг хүчээр буулгасан асуудлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт ТҮЦ-ээ нураалгасан иргэд болон Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба, Нийтийн тээврийн газраас албаны хүмүүс оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүд "Нийтийн тээврийн газар нь болохоор автобусны буудал дээр ямар нэгэн үйлчилгээ эрхэлж болохгүй гэдэг. Нийслэлийн газрын алба нь 9 метр квадрат газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. Тэгтэл мэргэжлийн хяналтын газар нь ямар стандарт мөрдөж үйл ажиллагаа явуулахыг тодорхой болгоогүй гээд төрийн үйлчилгээ хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна. Түүнчлэн биднийг архи зардаг гэж олон нийтэд буруу ойлголт өгч байна. Ер нь ямар ч стандарт гаргаж өгөөгүй байж стандарт мөрдсөнгүй гэж ТҮЦ-ийг нурааж, иргэдийнхээ хувийн өмчид халдаж байгаа нь яг ямар учиртай вэ” хэмээн албаны хүмүүсээс хариулт нэхсэн юм.
Албаныхан харин энэхүү асуултуудад ямар хариу өгснийг эргэн хүргэе.
Б.Батчимэг: ТҮЦ-үүд орой үдшийн цагаар архи зардаг
Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастарын хэлтэсийн дарга Б.Батчимэг “ТҮЦ-ийг буулгах ажлыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны гуравдугаар сард гарсан А306-р захирамжийн дагуу хийгдэж байгаа. Энэ захирамжинд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийг даалгасан цогц арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ, чингэлэг, хаалт хашаа зэргийг иргэдээс холдуулж, тэдний аюулгүй байдал, ойр орчинг нь цэвэр цэмцгэр байлгах зорилгоор хэрэгжүүлж буй ажил юм. Бид одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэгт дөрвөн ширхэг ТҮЦ буулгасан. Уг нь тус дүүрэгт 20 гаруй ТҮЦ-ийг буулгахаар төлөвлөж байгаа. Яагаад эдгээр ТҮЦ-ийг буулгах болсон бэ гэвэл тэндэхийн оршин суугчид, цагдаагийн хэлтсээс манай Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастарын хэлтэст гомдол удаа дараа ирүүлсэн. тус гомдолд эдгээр ТҮЦ-үүд орой үдшийн цагаар архи дарс зарж, амгалан тайван байдал алдагдуулж байгааг тусгасан байсан. Уг гомдлыг дагуу тухайн дүүргийн газрын алба Нийслэлийн Засаг даргын А306-р захирамжийн дагуу бүх ТҮЦ-ийг буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг хийж байна. ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд ТҮЦ-ийг буулгахаас 3-7 хоногийн өмнө газар чөлөөлөл мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Энэ хугацаанд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид газраа чөлөөлж өгөх бололцоотой байсан. Гэвч газраа чөлөөлж өгөөгүй учраас ТҮЦ-ийг хүчээр буулгахаас өөр арга байгаагүй” хэмээн ярив.
z

Харин түүний энэхүү мэдээллийг сонссон Чингэлтэй дүүргийн иргэн, ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч М.Оюунчимэг хэлэхдээ “ТҮЦ-үүд архи зарах ямар ч үндэслэл байхгүй. ТҮЦ-үүдэд архи зарах зөвшөөрөл бүү хэл, тодорхой тогтсон стандарт ч байхгүй. Бид ТҮЦ-ийг хүчээр буулгах асуудлын хүрээнд Э.Бат-Үүл даргатай хэд хэдэн удаа уулзахыг хүссэн. Гэвч уулзах цаг зав гаргадаггүй. ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид биднийг балиар заваан бохир байна гэж байна. Гэтэл автобусны буудал дээр “Гого тахиа”, “Түргэн хоолны цэг”-үүд байна. Тэд ТҮЦ-үүдтэй адилхан дотроо 00 байхгүй, тэгсэн хэрнээ хүмүүсийн ихээр хэрэглэдэг хоолны бүтээгдэхүүнийг зарж байна. Нийслэлийн захирагчийн алба, Нийтийн тээврийн газар хамтран тэдгээр ТҮЦ-үүдээ 25 сая төгрөгөөр үнэлсэн байна лээ. Хэрэв автобусны буудал дээр үйл ажиллагаагаа явуулахыг хүсвэл 25 сая төгрөгөөр тэдгээр ТҮЦ-үүдийг худалдаж ав гэсэн” гэв.
zx
Б.Мягмарсүрэн: Манай газар зөвхөн мэдээлэл хүргэх сурталчилгааны самбарыг байрлуулдаг
Нийтийн тээврийн газрын мэргэжилтэн н.Мягмарсүрэн “Автобусны зогсоол дээр ямар нэг худалдаа үйлчилгээ эрхлэх стандарт байхгүй. Тиймээс манай газраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодоггүй. Үйлчлүүлэгч, зорчигч нартаа хандаж зөвхөн мэдээлэл хүргэх сурталчилгааны самбарыг байрлуулдаг. Түүнээс биш та бүхний яриад байдаг шиг ТҮЦ-ийн зөвшөөрлийг олгодоггүй. Харин 2007 онд гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжаар гол зам дагуух автобусны буудлын тохижилтын ажлыг хийсэн байдаг. Энэ ажлын хүрээнд автобусны буудалд 2 талдаа ТҮЦ бүхий саравчийг барьж, ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчидтэй 1-3 жилийн гэрээ хийсэн байдаг. Нийт 25 орчим автобусны буудал дээр ТҮЦ-үүдтэй хийсэн гэрээ өдгөө дууссан байгаа. Тухайн үед тэдгээр ТҮЦ-үүдэд газрын зөвшөөрөл өгөөгүй, харин тохижилт, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг олгож байсан” гэсэн юм.
d
Г.Батмөнх: ТҮЦ-д стандарт байхгүй нь үнэн
Хэлэлцүүлгийн үеэр ТҮЦ-ийг стандартын асуудлыг талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Г.Батмөнх ярихдаа “ТҮЦ нь өргөн хэрэглээний барааны хомсдолтой байх үед буюу 1992 онд анх байгуулагдаж байсан. Үүнээс хойш 1999-2000 онуудад нийслэлд 2300 гаруй ТҮЦ үйл ажиллагаагаа явуулж байлаа. Харин өнөөдөр ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэж байгаа 300-400 орчим иргэн байна. Тэдгээр ТҮЦ-үүдээр өдөрт 500-аас доошгүй иргэд үйлчлүүлж байгаа. Харин манай мэргэжил хяналтын байгууллагаас хүний эрүүл мэндэд хүнсний бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаас нь хандаж байна. ТҮЦ-д стандарт байхгүй нь үнэн. Харин Стандарт хэмжилзүйн газраас Худалдааны газрын үйлчилгээний стандартыг мөрдүүлдэг. Уг стандартад хамгийн бага нэгж нь мухлаг юм. Мухлаг нь 20-40 мкв талбайтай, дотор нь хүн орж үйлчлүүлэх боломжтой гэх заалттай байгаа. Ер нь МХЕГ, НМХГ-ууд Төрийн хууль тогтоомжийн дагуу хяналтаа тавьж ажилдаг. Сүүлийн үед ТҮЦ-тэй холбоотой гомдол ойр орчмын орон сууц, гэр хорооллоос их ирдэг болсон. Тэдгээр иргэдээс “Энэ ТҮЦ-ийг эндээс зайлуулж, байршлыг нь өөрчилж өгөөч” гэх шаардлагууд ирүүлдэг. Мөн манай улс +40 өөс -40 хэмийн цаг уурын хэлбэлзэлтэй байдаг. Тиймээс ТҮЦ-үүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн хүнсний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Хүнсний аюулгүй байдал алдагдснаас хойш манай улсад хортой, хоргүй хавдарын өвчлөл ихэссэн байна” хэмээн ярьсан юм.
Б.Цэрэн
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ