“Сүнстэй” архи сүйрүүлэх нь
Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улс маань архинд “живчихэж”. Энэ хатуухан боловч үнэн үг. “Үнэн хичнээн гашуун байсан ч чи сонсох хэрэгтэй” гэдэг. Тиймдээ ч Монголчууд сархадыг
“...Дөч хүрээд дөнгөж амс
Тавь хүрээд тавьж амс
Жар хүрээд жаргаж хүрт” гэдэг.
:
Архинд халсан хүн ам алддаг, архинд согтсон хүн хүнээ алддаг, архинд донтсон хүн бүхнээ алддаг. Энэ бүхний эцэст иргэний болон үндэсний аюулгүй байдал алдагдаг гэдгийг санах цаг иржээ. Гэтэл дунд сургуулийн сурагчаасаа эхлээд сархад хэмээх гашуун идээнд дурлаж байгаа нь монголын эмгэнэл биш гэж үү. Манай улсад насанд хүрсэн 1000 хүн тутамд архи хэтрүүлэн хэрэглэгчид 54, архинд донтох өвчтэй хүн 5.7 ноогдож байгаа аж. Гэтэл үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундааны албан ёсны статистикаас үзвэл насанд хүрсэн нэг хүнд 23-25 литр согтууруулах ундаа ноогдож, согтуурал архидалт нь хот, хөдөөгийн хүн амын бүх давхаргыг бүхэлд нь хамрах шинжтэй болоод удаж байна. Монголд гарч байгаа гэмт хэргийн 20 гаруй хувь нь түүний дотор хүч хэрэглэсэн хэргийн дийлэнхийг согтуугаар үйлдэгддэг.
.
“Сэтгэлийг засахгүйгээр биеийг засаж үл болно” хэмээн Эртний Грекийн гүн ухаантан Сократ хэлсэн байдаг. Ард түмнээ эрүүл энх байлгая гэвэл тэдэнд эрүүл энх аж төрөх, амьдрах ёс зүйн гүн бат мэдлэг дадлыг олгоход хаа хаанаа анхаарах цаг болсон. 15-24 насны хүүхэд залуучуудаас авсан санал асуулгаар архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэй санал бүрэн нийлсэн 40 хувь, санал нийлж байна 52 хувь нь хариулсан байна. Энэхүү хандлага эрэгтэй, эмэгтэй, аль ч насны хүмүүст ижил байгаа нь ерөнхийдөө ихэнх хүмүүс монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл.
.
Судалгаанд оролцсон 15-24 насны хүүхэд залуучуудаас ямар тохиолдолд архи согтууруулах ундааг их хэмжээгээр уудаг эсэхийг тодруулахад, давхардсан тоогоор дийлэнх нь буюу 91 хувь нь тэмдэглэлт өдрөөр, 85 хувь нь найзууд болон гэр бүлийн хүрээнд нийлж уух, 65 хувь нь заншил хийгээд уламжлал, 63 хувь нь цалин бууж мөнгөтэй болсны дараа гэх зэрэг нөхцлүүдийг дурьдаж байв.
.
Архи гэдэг бол тэр чигээрээ хор юм. Хороор зогсохгүй “сүнстэй” байдаг аж. Архи хэмээх гашуун ундаанд нүдний хор орчихлоо гэдэг шиг атаа жөтөө, мансууран донтох хүсэл, шунал тачаал зэрэг бүхий л ёс бус муу муухай бүхэн хуралдан бөөгнөрч байдаг. Иймээс дээр цагт архийг хүний нүдний ил газар хадгалдаггүй байсан. Тэгвэл тэр муу энергийг цуглуулсан зүйл юу болох вэ. Хор болно гэсэн үг. Хорыг хэн дуртай нэгэн нь уугаад хордоод байж болохгүй зүйл юм. Ялангуяа залуучууд. Архи их уудаг хүний сүлд хийморь унаж өөрийн дотоод энергиэ алдаж ажил үйлс, эрүүл мэнд нь дорой болдог байна. Элэг бол чиний ухамсаргүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд үүрч байдаг эрхтэн. Хэт дур тачаал, архи өөх, тос ихтэй хоол гээд илүү хэрэглэсэн бүхнийг энэ эрхтэн аргалах гэж оролдсоор өөрөө мууддаг.
:
Архи нь хүний биед орсны дараа алкогольдегидрогеназа ферментийн нөлөөгөөр задарч ус, цууны хүчил хэмээх хорт бодис болдог.Цууны хүчлийн хоруу чанар архинаас 10 дахин, мансууруулах үйлчилгээ зургаа дахин их байдаг. Орой бүр архи пивоны реклам телевизээр гарч байхад өсвөр үеийнхэнд нөлөөлөхгүй гээд яах вэ дээ. Эхлээд архи, шар айраг үйлдвэрлэгчидтэйгээ, архидан согтуурах бодис сурталчилж байгаа телевизүүдтэйгээ хариуцлага тооцох нь зүйтэй. Хариуцлага тооцож байна гээд хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрөх нь зүйд үл нийцнэ.
.
Олон хүн өөрт тохиолдсон бэрхшээл, гуниг, зовлонгоо мартахын тулд архи уудаг гэх. Архи ууснаар хүний ой ухаан самуурч, өөрт тохиолдсон бэрхшээлээ мартдаг гэх юм. Гэвч маргааш өглөө сэрэхэд урьдын бэрхшээлүүд нь хэвээрээ л байдаг. Тиймээс архи гэгч ундаа хүний амьдралыг бэрхшээл,зовлон гунигаас ангижруулах ид шидтэн бус элдэв гай авчрах хөнөөл юм. Архины асуудалтай хүний эргэн тойронд хэрүүл маргаан, айдас түгшүүр, эмх замбараагүй байдал, сэтгэл гутрал гэх мэт таагүй үзэгдлүүд дагалдаж явдаг.
.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад согтуурал архидалт газар авч улмаар нийгмийн дэг журам зөрчих, ноцтой гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэл гаргах, эрүүл мэндээр хохирох, ёс зүйн доройтолд орох аюул нүүрлэж, цаашлаад мансууруулах төрөл бүрийн эм бодисын асуудал хөндөгдөх болсон нь нийгмийн зүгээс шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж байна.
“Оюун билгийг самууруулагч
Олсон зөөснийг баруулагч
Архинд бүү амташъя
Архичинг бүү гааруулъя
“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэдгийг цаг ямагт санаж явъя. Та биднийг сүнстэй архи чимээгүйхэн сүйрүүлэх нь.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ