Чөлөөтийнхөн Казакстанд уригджээ
Энэ сарын 24-26 буюу ирэх долоо хоногт Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотод тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн болно. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай бөхчүүдийг Казахстан улсын бөхийн холбооноос урьжээ.
Энэ тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд тав, мөнгөн медаль хүртсэн бөхөд гурав, гуравдугаар байрт шалгарсанд нэг мянган ам.долларын урамшуулал олгох юм байна. Мөн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг нэг мянган ам.доллараар шагнана.
Манай улсаас 55 кг-ын жинд ОУХМ Э. Бэхбаяр, 60 кг-д ОУХМ Б. Баянмөнх, Спортын мастер Б.Хаш-Эрдэнэ нар оролцох бол 66 кг-д Б. Батмагнай, 84 кг-ын жинд ОУХМ О. Үйтүмэн нарын бөхчүүд зодоглоно. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц. Цогтбаяр, шүүгчээр олон улсын шүүгч А.Батмөнх ажиллах юм байна.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнд ОУХМ Г.Мандахнаран 66 кг, Э.Ням-очир 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ