“Мөнхжин-Од” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна
Чанарын шаардлага хангахгүй хуурамч архи зарж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг 27-р хороонд байрлалтай найман нэрийн “НЭМООЛ” хүнсний дэлгүүрт ШӨХТГ-аас гэнэтийн шалгалт хийсэн байна.
Тус дэлгүүр нь 0,5 литр архийг 2000 төгрөг, 0,75 литртэйг 3000 төгрөгийн үнээр худалдаалж байсан бөгөөд “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэсэн архи байжээ. “Мөнхжин-Од” ХХК нь “Жем интернэшнл”, “Спирт бал бурам” зэрэг архины шил, савыг ашиглан, хуурамч акзиз нааж хямд үнээр борлуулж байсан нь тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар ҮХААЯ руу албан бичиг явуулжээ. Мөн 140 гаруй шил архийг битүүмжлэн, компанид 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлээд байна.
Үүнээс гадна “НЭМООЛ” хүнсний дэлгүүрт үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгожилтын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ихээхэн хэмжээний чихэр, набор, өтгөрүүлсэн сүү, какао зэргийг худалдаж байсныг илрүүлж битүүмжлэн, 150.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ