Ц.Бугасүрэн нарт холбогдох шүүх хурал болно
Нийслэлийн дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулиар сонгогчдод мөнгө тараасан хэрэгт холбогдсон МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 13:30 цагаас хэлэлцэхээр болжээ.
Мөрдөн байцаалтын явцад МАН, МАХН-аас нэр дэвшигч нар нь өөрсдийнхөө хүмүүсээр дамжуулан сонгогчдыг татах зорилгоор 2 сая 460 мянган төгрөгийг тараасан нь баримтууд олдсон гэнэ.
Энэ хэрэгт холбогдсон МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежерЧ.Батманлай, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн, сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.
Дээрх шүүгдэгчид гэм буруутай нь шүүхээр нотлогдвол 3-6 сар баривчлах ял, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийн шийтгэл оногдуулах хуулийн заалттай ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ