Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр

img

“Дэлхийн гар угаах өдөр” өнөөдөр тохиож байна. 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг дэлхийн гар угаах өдөр болгон зарласан билээ. Тэр өдрөөс хойш эдүгээ энэ өдрийг дөрөв дэх жилдээ дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж байна.

Монгол Улсад Дэлхийн Гар угаах өдрийг тэмдэглэх, гараа савандаж угаахын ач холбогдлыг сурталчлах ажлыг БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Усны газар, “Эй Си Эф” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар хамтран хийж байна. Уг арга хэмжээ өнөөдөр 12.00 цагт  Эрх чөлөөний талбайд эхэлсэн бөгөөд арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн иргэдэд  малгай, VCD, саван зэргийг үнэ төлбөргүй тарааж байна. Мөн гар угаахын ач холбогдол, бохир гараас үүдэлтэй халдварт өвчин, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаврын талаар ухуулах сурталчилгаа хийж байгаа юм.

Гар нь хүний бүхий л үйл хөдлөлийн гол эрхтэн. Бид ажил хийхдээ, хоол идэхдээ гээд бидний хөдөлгөөн бүрт гарын туслалцаа ордог. Хүн бүхэн өглөө босоод гар нүүрээ угаадаг хирнээ хоол идэхээсээ өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угааж байх ёстой гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй байна. Гэтэл бохир гараас үүдэлтэй халдварт өвчнүүд ихээр гарч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирсаар байгаа юм.  Жил бүр бохир гарын улмаас тав хүртэлх насны 3,5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр нас бардаг байна. Тиймээс дэлхий нийтээрээ  гар угаахад ач холбогдол өгч, тэмдэглэх өдөртэй болсон билээ. Хоол идэх, бэлтгэхийн өмнө, бие засах, хүүхэд хуурайлах, бохирдолтой орчинд ажиллах зэрэг эрсдэлтэй үеийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн хямд төсөр, энгийн, үр дүнтэй арга болохыг олон нийтэд ухуулан сурталчилж ойлгуулах нь дэлхийн гар угаах өдрийн гол зорилго аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ