Мансууруулах бодист нарийн ялгамж тогтоох хэрэгтэй гэлээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нийслэлийн шүүх, Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ хамтран Монгол Улс дахь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэгт ногдуулж буй ял шийтгэл, тулгамдаж буй асуудлыг олон улсын эрх зүйн орчинтой харьцуулан судалгаа хийжээ.
Тус судалгаа нь мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэм буруутай этгээдэд оногдуулах ял шийтгэлийн өнөөгийн бодит нөхцөл, байдлыг шүүхийн практикт тулгуурлан, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, барим бичигтэй харьцуулан судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр холбогдох байгууллагуудад санал зөвлөмж хүргүүлэх, эрүүгийн хууль тогтоомжийн төсөлд тусгуулах зорилготойгоор явагджээ.
Энэ талаар өнөөдөр ХЭҮК-оос мэдээлэл хийлээ. Тэд судалгааны дүнд хэд хэдэн дүгнэлт хийж, санал гаргасан байна. Хамгийн эхэнд хууль сахиулагч нар болон хуульч нарын мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг бүрэн дүүрэн ашиглах чадвар, боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хууль зүйн яамнаас тодорхой бодлого, хөтөлбөр гаргах шаардлагатай байгаа аж.
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Манай улсад хар тамхи мансууруулах бодис тээвэрлэсэн, өөрөө хэрэглэсэн болон мансууруулах бодисын төрөл зэргийг нь үл хамааран 10-15 жилийн хорих ялаар шийтгэж байгаа. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг үйлдлүүд нь зорилгоосоо хамаараад харилцан адилгүй, мөн хор уршиг, гэм буруугийн хувьд харилцан адилгүй байх тул зүйлчлэлийг ялгамжтай болгох нь чухал юм. Үүний тулд Монгол Улсын Эрүүгийн хуулийг шинэчлэх эсхүл Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд суулгах замаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын төрөл, ангилал, хэмжээг хууль зүйн хувьд тодорхой болгож, ялгамжтай зүйлчлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ