Хот хөдөөгийн ялгааг “ховхолж” болох болов уу
Сүүлийн үед хүмүүс хот, хөдөөний ялгааны тухай ам уралдан ярих болж. Арга ч үгүй биз. Хөндөх ёстой сэдвийн нэгд зүй ёсоор байж болох юм. Хөдөөний амьдрал тэр дундаа малчны амьдрал их өвөрмөц. Тэдний ажилд цаг нар гэж байхгүй. Мөн суурин газрынхантай адил жилд нэг удаа амрах боломж ч байхгүй. Хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажиллаж цас, бороо, нар, салхи шуурганаар тэдний ажил ердийн үеийнхээсээ хэд дахин нэмэгдлээ ч илүү цаг, иймээ тиймээ нэмэгдэл хөлс гэж байхгүй. Гэсэн ч буянт малаа өсгөн амаа тосдож байгаа ажилсаг хэсэг бүлэг хүмүүс бий. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж гуайн хэлсэнчлэн
...Давхиад буухад цоожгүй айл малчин таных
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных билээ.
Гурван сая хүрэхгүй хүн амтай монголын хувьд гуч гаруй сая малтай байгаа нь малчдын маань ариун хөдөлмөрийн үр шим.
6
Харин хотод эсрэгээрээ. Бөөн лац, ломбо цоож цуурга. Гэсэн ч хулгай дээрэм тасардаггүй. Ядуурал хаана байна, төрийн ордонд уу, албан газарт уу,аль эсвэл хотод уу, хөдөөд үү. Хүмүүс яагаад ядуу амьдарч байна, тэд залхуугаасаа уу мөнгөгүйгээсээ юу. Эсвэл амьдарч байгаа газраасаа юу. Хөдөө орон нутагт залуус орлого яаж олж болох тухай, олсон орлогоо ариг гамтай зарцуулж болдог тухай, гэр бүлийн ямар биенес эрхэлвэл ашигтай болох тухай мэдээлэл, мэдлэг зөвлөгөө хомс учраас тэр.
6
Хөдөөний залууст амьдралын чанарын тухай, хүн өөрөө өөрийнхөө амьдралыг сайжруулах арга зам байдаг тухай одоогийн байгаагаасаа илүү сайхан амьдрах боломжийн тухай ямар ч мэдээлэл байхгүй. Энэ байдалдаа дасан зохицсон уу гэмээр амьдрал минь болж байна хэмээн тайвширч ямар ч тэмцэл хийхгүй, дуу хоолой гарахгүй, өөрсдийнхөө төлөө төр засагт хандах идэвх байхгүйгээсээ болж ядуу амьдардаг хэсэг бий. Монгол Улсын маань ихэнх суманд архины дэлгүүр, цайны газар, зочид буудал, хүнс барааны дэлгүүр нэлээд өргөжсөн.
6
Гэтэл хамгийн чухалд тооцогдох бохир усны нүх, хог хаягдлыг зайлуулдаг тогтолцоо, ундны ус, эрүүл ахуйн нөхцөл, хүүхдийн тоглоомын талбай, спорт,соёл урлагийн төв гээд хүмүүсийн суурь хэрэгцээг хангадаг эдгээр зүйлд ямар ч өөрчлөлт ороогүй л байна. Хөдөөгийн хүүхэд залуучуудад чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ? Кино үзэх, тоглох тоглоом, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх биеийн тамир, спортын талбай ч алга. Харин хотод эсрэгээрээ хэдхэн хоногийн дотор л тэнгэр баганадсан барилга сүндэрлэчихсэн байдаг Нээрэн ч эх орны маань нийслэл Улаанбаатар маань хэдхэн жилд танигдахгүй болтлоо өөрчлөгдчихжээ. Бахь байдгаараа байсан ганц хоёр давхар барилгын оронд сүрлэг сайхан барилга босчихсон байх жишээтэй. Нийслэлийн хүн амын тоо жилээс жилд эрс өсч байгаа. Энэ нь хөдөөнөөс жилийн жилд олон айл нүүж ирдэгтэй холбоотой байж болох юм. Тэдэнд гэрээ барих газар олдохгүй зовлон гэж бий. Хүн тавьдаг газартай эн зэрэгцээд, уул толгойн орой дээр хашаа хатгаж, гэрээ барьчихсан байх нь энгийн үзэгдэл.
6
Хөдөөнийхөн бол дөрвөн улиралд дураараа нүүх газартай. Зусландаа ч, өвөлжөөндөө ч ялгаагүй гэрээ дугуйлах бууц, буурьтай улс. Хот хөдөөгийн ялгаа олон юмнаас харагдана. Муу, муухай бүдүүлгээрээ дуудуулдаг хөдөөнийхөн чинь эх хэлээрээ хамгийн зөв ярьж монгол ёс заншилтайгаа ойр явааг нь бахархууштай. Хотынхон хэмээн биеэ тоогчид англи, монгол холиод “бурж” гардаг болж.
6
Ганцхан жишээ хэлэхэд, цагаан сараар хотын найз нь хөдөөний найздаа ийм мэндчилгээ илгээсэн гэнэ.
“...Сардаа сак
Ондоо ок ороорой...” гэжээ. Энгийн өдрүүдэд нь үндэснийхээ хувцсаар гоёдог хөдөөнийхнийг муулах бус давуу талыг харъя.
6
Ер нь хот, хөдөөгийн ялгааг “ховхолж” болох болов уу. Болно гэж хоёр гараа өргөн хэлмээр байна. Бум бужигнаж түм түжигнэсэн нийслэлийг зорих цуваа тасрахгүй байгаа шалтгааныг судалж гарах гарцыг хамтдаа хайх цаг хэдийнэ иржээ. Өвлийн цагт нь агаараар бус утаагаар амьсгалж хэвлийдэх нялх үрээс эхлээд хүн бүр хордож суухаар монгол ахуй ойр хөдөө орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд анхаарч шат дараалсан зөв хууль боловсруулж хот, хөдөөгийн ялгааг “ховхолж” чадах улс та бид байна.
6
Эх хэлээ “эрэмдэг” болгож эрүүл мэндээрээ дэнчин тавьж сэтгэл гутарч суухаар хот, хөдөөгийн бид харилцан суралцаж сайхан амьдрах боломжийг хамтдаа хайя. “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг биз дээ. Хуучин хүү шинэ хүн болдог шиг хөдөөнийхөн хотжиж, хотынхон хөдөө нутагт сэтгэл тэнэгэр амьдарч яагаад болохгүй гэж. Урагшаа...
7
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ