М.Шагдарсүрэнгийн хувийн хөмрөгийн баримтыг Архивт хүлээн авлаа
Архивын сан хөмрөгийг нөхөн баяжуулахад төр, нийгэм, соёл, урлаг, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн алдартан, түүхэн хүний хувийн гаралтай баримт томоохон үүрэг гүйцэтгэдэг.
Монгол улсын гавъяат эмч, доктор профессор, М.Шагдарсүрэнгийн хувийн гаралтай нийт 180 хавтас буюу 14000 гаруй хуудас баримтанд Үндэсний Төв Архивын Түүхийн Баримтын Төвийн архивч Ж.Баасансүрэн, Ц.Эрдэнэчимэг нар Эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажил хийжээ.
Энэхүү баримт нь М.Шагдарсүрэнгийн товч түүх намтар, төрийн дээд шагналын үнэмлэхний хуулбар, мэргэжлийн үнэмлэх, докторын зэрэг хамгаалсан диплом, профессорын болон хүндэт профессорын диплом, Япон улсын Цукуба их сургуульд япон хэлний ангид суралцсан үнэмлэх, мөн Токио хотын анагаах ухааны Икашика их сургуульд суралцаж төгссөн диплом, мэргэжлийн болон салбарын тэргүүний ажилтны үнэмлэх, Шинжлэх Ухааны Академийн "Хүндэт жуух", боксын спортын мастерын үнэмлэх, Сүхбаатар сангаас өгсөн өргөмжлөл, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Олон Улсын Зөвлөлдөх уулзалтад оролцсон тухай тайлан, Улсын Их Хурлын Сонгуулийн Сүхбаатар аймгийн 31-р тойрогт нэр дэвшсэн тодорхойлолт, саналын хуудасны дүн, Монгол Улсад анх удаа "Элэгний анхдагч өмөнгийн судас бөглөх эмчилгээ" сэдвээр докторын зэрэг хамгаалсан диссертацийн эх, элэгний мэс засал хийлгэсэн өвчтөний бүртгэл, лекцийн дэвтэр, оношилгоо хийлгэсэн Япон иргэнээс ирүүлсэн захидал, хурал зөвлөлгөөнд хэлсэн үг, лекцийн сэдэв, дурсамж, сонин хэвлэлд нийтлэгдсэн уран бүтээлийн хайчилбар, өөрийн зохиосон анагаах ухааны ялангуяа "Элэгний өвчнийг эмчлэх" тухай ном, түүний хэвлэлийн эх, Анагаах Ухааны Англи-Монгол, Төвд-Монгол толь, Ургамлын толь бичиг, "Сэтгэл ариусахуй", "Сэтгэл номхроосой", "Сэтгэл гэгээрээсэй" ном, "Дармапада", "Рамаяана", "Мэлмий нээхүйн мянган бадаг", "Бурхан багшийн амьдрал", "Эзэн хааны анагаах судар", 6-р далай лам Цаянжамцын "Хайрын дуулал" зэрэг орчуулгын зохиол, мөн зарим орчуулгын зохиолыг орос-монгол, англи-монгол, хятад-монгол, япон-монгол, төвд-монгол хэлээр харьцуулан хадаж хэвлүүлсэн материал, гэр бүлийн болон ажлын холбогдолтой гэрэл зураг зэрэг олон баримт байна.
Эдгээр баримтууд дотор Анагаах Ухааны Англи-Монгол толь, "Элэгний бүтэц зүй ба үйл, ажиллагаа", элэг судлал, элэгний хорт хавдрын практикийн зарим ном бүтээлийн анхны эх , гар бичмэл, шашны холбогдолтой болон бусад англи, төвд, хятад, япон, орос, латин хэлнээс орчуулсан бүтээлүүд багтаж байгаа нь онцлог юм.
Ийнхүү дээрх баримтанд "Төрийн архивын ажлын үндсэн заавар"-ын дагуу Эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд Монгол Улсын Гавъяат эмч, доктор профессор, М.Шагдарсүрэнгийн 1954-2011 оныг хамарсан байнга хадгалах 228 хадгаламжийн нэгжийг данс бүртгэлийн хамт төрийн архивт хүлээн авснаар Үндэсний Төв Архивын сан хөмрөг Эрүүл мэндийн салбараас анхны хувийн хөмрөгийн баримтаар баяжигдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ