Татварын байцаагчийг хөнөөсөн эмэгтэйд 22 жилийн ял оноов
Татварын байцаагч бүсгүйг 70 гаруй удаа хутгалж амийг нь хэрцгийгээр хөнөөсөн Ц.Туяаг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Шүүх хуралд хэргийн гол буруутан болоод байгаа Д.Батболд ирээгүй учир хохирогч Э-ийн гэрийнхэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авалгүй хурлыг үргэлжлүүлсэн юм. Ц.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-т заасан өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж түүнд 22 жил хорих ял ногдууллаа. Түүнийг эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй ангид хорихоор болжээ.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Ц.Туяа нь хардалтын улмаас Чингэлтэй дүүргийн татварын байцаагч ажилтай, өөрийн найз байсан Э-г хөнөөсөн юм. Ц.Туяа нь нөхөр Д.Батболдтой нь нууц амрагийн харилцаатай байсан Э-г нөхрөөсөө холдохыг удаа дараа гуйж, эцэстээ тэвчээр нь алдарсандаа уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд байгаа. Хэрэг үйлдсэн даруйдаа талийгаачийн цүнхийг нь авч, дээрмийн хэрэг болгож харуулахыг зорьсон гэнэ. Улмаар хэргийн газраас холгүй гар цүнхийг нь хаяж, хэрэг үйлдэхдээ ашигласан хоёр хутгаа ч харих замдаа нуусан гэдэг. Тэрээр энэ хэргийг үйлдэх үедээ их хэмжээний согтолттой байсан тухайгаа мэдүүлсэн байдаг.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ