Ч.Ганчимэг: Балетчид хүйтэн усанд ч хуруугаа дүрж болдоггүй хүмүүс шүү дээ
Сонгодог урлаггүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөхөд бэрх. Тэр дундаа балетгүйгээр. Хэл ярианы оронд үйл хөдлөлөөрөө бүхнийг илэрхийлсэн энэ урлаг хүн анх бичин төрлөөсөө салснаас хойш бий болсон гэдэг.
.
Харин ирэх бямба гаригт буюу энэ сарын 12-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг тоглогдоно. Жүжгийн гол дүрд СТА Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, СТА А.Өлзий-Орших, СТА Ш.Оюунтуяа нар тоглох бөгөөд ХБК-ийн оюутнууд оролцон тоглох ажээ. Иймд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Ч.Ганчимэгтэй уран бүтээлийн талаар ярилцлаа.
.

-Энэ онд манай театрын 51 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан манай балетын анги “Хунт нуур” балетаар энэ жилийн уран бүтээлийн гараагаа эхэлж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт энэ жүжгийн ерөнхий найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг ажиллаж байгаа. Өмнөх жилүүдэд манай театрын бүх уран бүтээлчид оролцдог байсан. Харин энэ удаад манай дуурийн хоор, оркестор ангиуд маань хөдөө тоглолтоор явсан байгаа учраас оркесторгүйгээр тоглохоор болсон.
6
-Та хэддэх жилдээ бүжиглэж байгаа вэ?
-Миний хувьд 10 настайгаасаа Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангид суралцаж, 2000 онд тус сургуулийг төгссөн. Одоо 13 дахь жилдээ дуурийн театрт бүжиглэж байна. Анх бүжиглэж эхэлснээс хойш шантрах, заримдаа бүр орхих хүсэл ч төрж хувцсаа хайрцагт хийгээд хадгалмаар болж байлаа.
Хамгийн наад зах нь олон цагаар бэлтгэл хийнэ, идэх хоолоо хасна, тэр бүү хэл "Соц" нийгмийн үед балетчид хүүхэд төрүүлэх нь хүртэл бусдаас хараат байдаг байсан.
Гэвч сонгодог урлаг гэдэг агуу болохоор надаар тийм зүйл хийлгээгүй, харин ч энэ насны амь амьдралаа зориулахаар шийдсэн.
6
-Дэлхийн сонгодог бүтээл болох “Хунт нуур” балетын гол дүрд тоглоно гэдэг амаргүй. Ямар сонгон шалгаруулалтаар Одетта, Одиллия нарын дүрийг авсан бэ?
-Тиймээ. Энэ дүрийг авахын тулд маш их хөдөлмөрлөсөн. Анх энэ дүрд тоглоход манай балетийн ангийн эмэгтэй уран бүтээлчид бүгд шалгаруулалтад орж байсан. Тэгэхэд МУГЖ Х.Гэрэлчимэг багш маань намайг онцолж, хар ба цагаан хунгийн дүрийг өгсөнд их талархаж явдаг. Энэ дүрийг гаргахын тулд багштайгаа нэлээд ажилласан. Тэр хугацаанд багшдаа зэмлүүлээд уйлах асуудал энүүхэнд байлаа. Хэдийгээр би хэд хэдэн удаа энэ дүр дээр тоглосон ч, дүрээ гүйцэд 100 хувь гаргаж чадсан гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл бүжигчин хүн бүжиглэж байх хугацаандаа байнга суралцаж байдаг. Орчин үед хөдөлгөөнөөс гадна түүнийг гаргах арга техник хүртэл шинэчлэгдэж байна. Тэр болгоныг суралцаж байна.
Гэхдээ “Хунт нуур” балетын хувьд дэлхийн сонгодог бүтээл учраас үндсэн тавилтуудаараа хийнэ гэсэн ойлголт байхгүй.
6
-Нэг бүтээл дээр хоёр өөр ааш араншинтай, хоёр өөр хөдөлгөөнтэй дүрийг гаргаж байгаа. Энэ нь балетчин хүний хувьд хэр хүндрэлтэй санагддаг вэ?
-Нэлээд ур чадвар шаарддаг. Анх энэ дүрүүдийг бүтээхэд үнэхээр хүнд санагддаг байсан. Одоо харьцангуй гайгүй санагддаг болсон. Магадгүй туршлага сууж байх шиг байна. Ядаж л аль хэсэг дээр техник, ур чадвараа гаргаж, үзэгчдэд гоё харуулах вэ, аль хэсэг дээр амрах вэ гэдгээ мэддэг болсон.
6
-Балетаас үзэгчдэд гоо сайхныг харж, мэдэрдэг. Та гоо сайхнаа хэрхэн хадгалдаг вэ?
-Хамгийн гоё нандин урлаг бол балет. Гоо сайхан гэж юу байдгийг эндээс харж мэдэрч болно. Гоо сайхан гэдэг гадаад үзэмж, бие бялдрын өөгүй тэгш хөгжил. Гэхдээ хүний оюун бодол, дотоод сэтгэлийн гоо сайхныг харуулаагүй бол уран бүтээл зорилгодоо хүрнэ гэж үгүй. Миний хувьд дасгал хөдөлгөөн, сургуулилтыг нэг ч өдөр алгасдаггүй. Эмэгтэй хүн учраас сарын тэмдэг ирэхээс эхлээд маш олон асуудал гардаг. Тэр болгоныг асуудал гэж бодолгүй дасгал сургуулилтаа хийсээр байдаг. Мөн тоглолт сургуулилттай үед хоол хүнсэндээ тодорхой хэмжээгээр анхаардаг.
6
-"Соц" нийгмийн үед балетчид хүүхэд төрүүлэх нь хүртэл бусдаас хараат байдаг байсан гэж та ярьлаа. Энэ байдал одоо хэвээрээ байгаа юу?
-Одоо харьцангуй өөрчлөгдсөн. Гэхдээ мэргэжлийн онцлог учраас хүүхэд гаргах асуудал дээр маш нухацтай хандах хэрэг гардаг. Дуурийн театрт балетчинаар ажилд орох гэж байгаа бол ойрын 5 жилийн дотор хүүхэд гаргаж болохгүй гэдэг заалтыг гэрээндээ тусгасан байдаг. Учир нь балетын бүжигчин хүүхэд гаргахад цагаасаа эрт урлагаас хөндийрөх, формоо алдах зэрэг асуудалтай тулгардаг. Балет бол гоо сайхныг харуулдаг урлаг учраас тухайн хүн өөрөө гэр бүл, үр хүүхдээ сайн төлөвлөх ёстой.
6
-Та гэр бүлтэй юу?
-Гэр бүлтэй. Балетчид хүйтэн усанд ч хуруугаа дүрж болдоггүй хүмүүс шүү дээ. Бид ар гэртээ тэр болгон анхаарал тавьж, гэр орны ажил, хоол унд хийх завгүй, тоглолттой үедээ орой cap гарч, хот унтсан хойно харих нь энгийн зүйл. Тийм болохоор энэ бүхнийг нь ойлгож ухаардаг, халамжтай, урлагийг хайрладаг гэр бүл, хань ижилтэй байх нь урлагийн хүнд хамгийн чухал /инээв/
6
-Сүүлийн үед манай олон авъяаслаг балетчид гадаадын улс орон руу, амьдралын шаардлагаар гарч тухайн улсынхаа харьяат болсон тохиолдол байдаг. Танд тийм бодол байдаг уу?
-Үгүй. Би эх орондоо хайртай. Эх орон минь ч надад хайртай. Миний бодлоор урлагийн хүн хамгийн их эх оронч байж ард түмэндээ үлгэр жишээ болох ёстой болов уу. Харамсалтай нь манай авъяас чадалтай хүмүүс гадагшаа гараад явчих юм. Ингэлээ гээд тэдэнд буруу өгөх нь хаашаа юм. Гэвч бид унасан газрынхаа ариун хөрсөн дээр бүжиглэж, ажиллаж амьдраад болоод л байна шүү дээ. Надад гадаадад амьдрах сонирхол байдаггүй. Ингэж хэллээ гээд харь орон руу явсан хүмүүсийг буруутгаж байгаа юм биш шүү.
7
-Таны нүдээр манай энэ нийгмийн байдал, ард түмний амьдрал ямар харагддаг вэ?
-Би ард түмэн улс эх орноо гаднын өндөр барилга, өргөн талбай, гоё машин, баян хүмүүс шиг байлгахыг хүсдэггүй. Одоо биш юмаа гэхэд миний эх орон түүнээс ч илүү хөгжиж дэвшинэ. Гэхдээ ямар ч улс орны хөгжил дээр өгүүлсэн зүйлүүдээр хязгаарлагддаггүй. Хамгийн гол нь ард түмний оюун санаатай холбоотой байх. Хэн хийж, сэтгэж байна, тэнд хөгжил дагаж явна. Миний хувьд хийх ёстой юмаа л хийж байна. Хүн бүхэн өөрт ноогдсон ажлаа л хийж байхад бүх юм болох байлгүй.
7
-Анх дуурийн театрын балетчин болж байх үеийн үзэгчдийг өнөөдрийн үзэгчидтэй харьцуулахад хэр ялгаатай санагддаг вэ?
-13 жилийн өмнөх үзэгч, өнөөдрийн үзэгчидтэй харьцуулахад асар их ялгаатай. Тухайн үед манай театр нэлээд уналтын байдалтай, үзэгч цөөтэй байсан. Харин өнөөдөр сонгодог урлагийг хүмүүс үзэх сонирхолтой, энэ урлагт татагддаг болсон байна. Ялангуяа “Хунт нуур” балетыг үзэгчид илүү сонирхож үздэг.
7
-Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд балетаар хичээллэх, үр хүүхдээ хичээллүүлэх их сонирхолтой болсон байна. Ер нь хэдэн наснаасаа энэ урлагаар хичээлвэл зохимжтой вэ?
-Бид нар 10-11 насны хооронд балетаар хичээллэж эхэлсэн. Сүүлийн үед энэ насны хүүхдүүдийг анзаараад байхад бие нь чангарах хэмжээний болсон мэт санагддаг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ балетчин болгохыг хүсвэл 8-9 наснаас нь хичээллүүлэх хэрэгтэй. Мөн хүүхдүүддээ тавих анхаарал халамж, дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй.
7
-Урлагийн бусад төрлөөс балет яг юугаараа онцлог бол?
-Заавал онцлог энэ тэр илүү дутуу гэж бодоод яах билээ. Урлаг л бол урлаг шүү дээ. Түүний салбар бүр нь сайхан. Яахав балетын онцлог гэх юм бол үг хэлний оронд үйл хөдлөлөөрөө л ярилцдагт оршдог. Гэхдээ хамгийн гол нь ямар ч дүр, үгийг уран сайхан үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь балетын амин сүнс. Тэр бүх үйл хөдлөлийг илэрхийлэхийн тулд цаг наргүй хөдөлмөр, зориг тэвчээр шаардлагатай. Бид бэлтгэл хийлгүй хэдхэн хоноход л хамаг бие хөшөөд хөдөлж өгөхөө больдог. Үүнээс болж урлагийн хүний цорын ганц айдас болох бэртэл гэмтэлтэй учирдаг.
Б.Цэрэндэжид
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ