
Нийслэлийн иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйлсийн нэг нь автозамын түгжрэл. Өдөр бүр 1-3 цагийг автозамын түгжрэлд өнгөрүүлж, уур бухимдалд автан, ажил сургуульдаа хоцрох, гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх алтан цагаа хумсалдаг.
Гэтэл өчигдөр оройноос өнөө өглөөг хүртэл орсон бороо хотын замуудыг усанд автуулчихлаа. Намрын сүүлчийн бороо хэмээн хүмүүс билэгшээж байгаа нь харагдсан. Гэвч бороо орох бүрийд хотын замууд усанд автаж, явган зорчигчид уртын харайлттын тамирчин болж, жолооч нар нь машин биш завьтай хүмүүс болон хувирдаг болоод удаж байна. Жилийн жилд нийслэлийн автозамыг засч янзалдаг ч ус зайлуулах хоолойг шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ жил шинээр засварласан автозамууд ус зайлуулах хоолойтой хийгдэж байгаа гэдгийг албаныхан хэлж буй. Харин намрын сүүлийн бороо нийслэлийн автозамуудад дүн тавьж өглөө.
Борооны улирал дуусч байгаа тул үерт автсан замуудын асуудал ингэсгээд намжих биз. Ирэх жилийн анхны бороо орохтой зэрэгцэн автомашинтай далайчид замдаа гарч, явган зорчигчдын уртын харайлтын цаг ирнэ. Хамгийн зовлонтой гэмээр нэг асуудал нь ус зайлуулах хоолойгүгээс зам дээр тогтсон ус онгироо, сагсуу “хүн чанаргүй” жолооч нарын машинаараа цацсан ус хүүхэд хөгшин, хүүхэн залуу гэж ялгахгүй шавхай, шороотой нь хутгаж орхидог билээ.
Сая хол давсан хүнтэй хотын иргэдийн ая тухтай амьдралыг хангах үүрэг хотын удирдлагуудад бий. Гэтэл иргэдээ ая тухтай, аюулгүй орчинд амьдруулж чадахгүй байж хотын иргэнийн татвар авах талаар яригдаж байгаа нь хэр шударга шийдэл юм бол доо.






П.Наран
6
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ