Д.Батсүх: Хуульчдын холбоо мэргэжлийн ёс зүйн дүрмээ баталлаа

img

Хуульчдын холбоо өнгөрсөн есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулалт, албан тушаалтны бүрэн эрх, үйл ажиллагаатай холбогдсон хуулиар зохицуулагдаагүй харилцааны талаар хэлэлцсэн билээ. Хурлын үеэр  холбооны ерөнхийлөгч, төлөөлөгчдийг сонгосон юм.

Харин хуульчдын холбоо уг хурлаараа хуульчдын мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж чадаагүй. Учир нь 4500 төлөөлөгчдийн дунд дахин хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэж хойшлуулсан билээ. Тэгвэл дүрмийн дагуу 30 хоногийн дотор буюу энэ сарын 5-6-ны өдрүүдэд Төрийн ордонд хуульчид дахин цуглаж дүрмээ дахин  хэлэлцэж, баталжээ. Энэ талаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхээс тодрууллаа.

-Хуульчдын холбоо мэргэжлийн хариуцлагын дүрмээ баталсан гэж сонслоо. Хуучин дүрэмд ямар нэмэлт өөрчлөлт оруулсан бэ?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын хуульчдын холбоо дахин хуралдлаа. Хурлаар Хуульчдын нэр хүнд, гол баримт бичиг болох хуульчдын мэргэжлийн хариуцлагын дүрмийг батлаж, бүрдүүлэхээр боллоо. Мөн "Хуульчдын холбоо"-ны гүйцэтгэх гол удирдлагыг хэрэгжүүлэх зөвлөлийн гишүүдийг батламжилсан. Түүнчлэн мэргэжлийн хариуцлагын хороог байгуулж, гишүүдийг батламжлах асуудлыг хэлэлцлээ.

- “Хуульчдын холбоо” хурлаараа бүх зүйлээ эцэслэн шийдсэн гэсэн үг үү?

- "Хуульчдын холбоо"-г байгуулах, анхдугаар хурлаа хийх үйл ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Хурлын үйл ажиллагаа дуусгавар болсноор цаашид “Хуульчдын холбоо” өөрсдөө дотоод асуудал үйл ажиллагаагаа хийх болно.

 -Мэргэжлийн хорооны даргаар хэнийг сонгосон бэ?

-Улсын Ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэнэбат сонгогдсон.

-"Хуульчдын холбоо"-ны зөвлөл 38 гишүүнтэй гэсэн. Гишүүдийг хэрхэн сонгосон бэ?

-Тийм. Нийт 38 гишүүн батламжлагдсан. Зөвлөлийн гишүүдийг хуульчдын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан сайн дурын хороодын төлөөллөөс бүрдүүлсэн. Энэ нь байгуулагдсан хороод, тухайн хороодод харьяалагдаж байгаа гишүүнчлэлийн тоотой хамааралтай байгаа. Зөвлөлийн гишүүдийг тухайн хорооны гишүүдийн тоог харгалзан сонгосон. Хуульд 20-иос дээш гишүүнтэй байна гэж заасан байгаа. 50 хүртэлх гишүүнтэй бол нэг төлөөлөгчийг илгээнэ. 50-100 бол хоёр, 100-200 бол гурав, 200-аас дээш бол дөрвөн төлөөлөгчийг илгээнэ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ