Ажлаа хий нөхдүүд ээ

Монголчууд бидний ардчиллаар олсон, одоо хэр нь хэрэгжиж байгаа эрх чөлөө бол бичиж нийтлэх, бас сэтгэгдэл бичих эрх чөлөө. Алив зүйл сайн муу хоёр талтай байдагчлан хэвлэн нийтлэх, үүний төлөө санаа бодлоо илэрхийлэх үйлдэл сайн муу талтай байгаа. Мануусыг мууг нь илэрхий магтаад байна гэнэ. Тийм ч биз бас үгүй ч биз. Үнэндээ мэдээллийн энэ их орон зай монголчууд бидний хөгжил болон сэтгэлгээний өөрчлөлтөд хүссэн хүсээгүй нөлөөлж байгаа. Жар биш зургаан телевиз байх ёстой гэж Жагаа ах маань ярьж байна. Тэгж болно оо. Гэхдээ хэн та нарыг шүүмжлэх болж байна аа. Өнөө хэр нь зарим уншигчид "хорсол" ханхлуулсан бохир сэтгэлгээг, эрүүл сэтгэлгээнээс ялгаж салган "Жингийн цуваа явж л балдаг, жингэр нохой хуцаж л байдаг" хэмээн бичээчдийг дэмжин урамшуулж байна.
.
Фейсбүүк, твиттер дээр олон олон адил төстэй сонирхлоороо найзалж нөхөрлөн, нэгдэж олон сайхан үйлсийн эхлэлийг тавьж байна. "Чи муу баярлалаа ч бархирлаа ч цаана чинь Ардын засаг яллаа" гэдэг шиг хичнээн хориглож, хаалаа ч интернет орон зай улам бүр хүчээ авсаар л байна. Хүмүүс бага багаар ч болов нэгдэж, бие биенээ ойлгож, дэмжиж эхэлж байна. Сайн муу, сайхан муухайг ялгаж салгахад энэ орон зай "Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь хаа байлаа" гэдэг хэллэгээр.
.
Ингэж хэлж байна. Ер нь юу ч хэлж, юу ч бичсэн ойлгохоо байсан нийгэм юм уу. Эдийн засаг мангуураад байна, болохоо болилоо гэж хэчнээн ярив бичив тоож байгаа шинж нэг ч байхгүй. Ийм төрийг тунгалаг гэх үү. Ийм төрийг гэгээлэг гэх үү. Гадныхныг л шүтнэ. Дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж бол цаашаа бай л гэнэ. Бүхэл бүтэн дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 86 хувийг үйлдвэрлэдэг нөхдүүд шүү дээ. Нөхдүүд марзагнаад байна. Хурал хийж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нэг нэгнийгээ дарамтлаад. Ийм хурлыг л лав би ойрын хэдэг чуулганаар харсангүй. "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэж ярьдагсан. Асуудал хүндэрчихээд байхад жалга довны юм ярьж суудаг. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэг үг ч бий. 20 жил олигтой өөрчлөлт хийж чадаагүй атлаа заавал улстөртэй ингэж зууралдах хэрэг юун. Чадахгүй байж ингэж марзаганах хэрэг юун.
.
Сөрөг хүчин нь сөрөг шиг байж олонхи нь олонхи баймаар юм. Ялалт ялагдлынхаа ялгааг олж мэдрэхгүй бие биенийхээ хөлд дэгээ тавьж суух хэрэг юун. Үнэндээ цаг хугацаа МАНАН-ыг хүлээхгүй бас уучлахгүй. Хийж шийдэх ажил их байхад хэл амаа олоцохгүй байгаад л гомдох юм даа мануус нь. Та нарыг ажил хий гэж сонгосон болохоос мануусыгаа элгээр нь хэвтүүл гэж сонгоогүй шүү.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ